Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ
2021.01.20

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.20) хуралдаан 9 цаг 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилж өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм.

Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа.

Түүнчлэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан.

Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, энэ хуулийг батлаад хоёр жил өнгөрсөн ч хэрэгжилт нь тааруу байсан учраас Засгийн газар хуулийн хугацааг 2021 оны эхээр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төсөл санаачлагч хуулийн хугацааг дахин нэг жилээр сунгахаар оруулж ирж байна, энэ хугацаанд хэрэгжилт нь сайн байж чадах уу, судалгаа тооцоо байна уу гэдгийг гишүүн Х.Булгантуяа тодруулсан юм.

Гишүүний энэ асуултад төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн өгсөн хариултдаа, нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр дээрх хуульд хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, нийтдээ 17.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн.

Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуулийн хэрэгжилт удаашралтай байсан нь нэг талаар хуулийг таниулж сурталчлах ажлыг сайн хийгээгүй, нөгөө талаар хуулийн хугацааг сунгасан 12 сараас 9 сард нь цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байсан зэрэг нь голлож нөлөөлсөн гэж үзэж буйгаа хэлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийн агуулга нь зөв юм, гэхдээ 2021 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудал яригдаж, гишүүдийн дэмжлэг аваагүйг санаж байгаа байх. Салбарын яамны зүгээс тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь оруулж ирэх үед энэ асуудлыг шийдэх боломжтой.

Мөн чуулганы хуралдааны дэгийн хуульд заасны дагуу Засгийн газрын саналыг заавал авч байж төслөө өргөн барих учиртайг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн 10 хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт ажилладаг малчид болон цар тахлын ийм үед орлогогүй болоод байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангах шаардлагын үүднээс уг хуулийн хугацааг сунгах төсөл боловсруулсан. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм.

Өнгөрсөн хугацаанд уг хуулийн хэрэгжилт нь тааруу байсан нь коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм, мөн хураамж өндөр байсан, бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хүндрэлтэй байсан зэргээс болсон. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэх боломжтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.