
2025.03.25
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг" өнөөдөр /2025.03.24/ хуралдлаа.
Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг даргалж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Цогтбаатар нар болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг хуралдааны эхэнд тус хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа болон үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Тэрбээр, манай улсад мөрдөгдөж хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд цахилгаан дугуй, скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхойгүй, улсын бүртгэлгүй, хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, техник хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй зэрэг асуудлууд байгаа талаар хэллээ.