
Дэлхийн ардчилалд мөрөө үлдээсэн Б.Борусевичтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын 3 дугаар сарын 17-ны өдөр БНПУ-ын “Парламентын дээд танхимын Сенатор Б.Борусевичтой уулзсан тэмдэглэлийг хүргэж байна.
Парламентын дээд танхимын Сенатор Б.Борусевич гэсэн тод хаягтай хаалга Гданск хотын Огарна гудамжинд бий. Хаалга тогшин орлоо. Буурал толгойтой, жижгэвтэр биетэй ах нүдэнд дулаахан инээмсэглэн угтав. Кофе уух уу гэж байна. Тэгэлгүй яах вэ! Дэлхийн ардчилалд мөрөө үлдээсэн эрхэм хүнтэй кофе уухдаа баяртай байна.
Богдан Борусевич нь Польшид коммунист дарангуйллыг нурааж, социалист блокд тэр чигт нь нөлөөлсөн Эв хамтын Солидар хөдөлгөөний удирдагчдын нэг, улс төрч, парламентын гишүүн, богино хугацаанд Ернхийлөгчийн алба хашсан хүн.
Аюултай гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж, паарнаас гавлуулж, шоронд хоригдож байсан түүхээ инээд ханиад болгон хүүрнэж, зодуур амссан хаймар бороохойгоо дурсамж болгон ханандаа өлгөснөө сонирхуулав. Танайд ийм юм бий юу гэж байна. Байгаа, гэхдээ манайх хар өнгөтэй гээд 90-д онд автобусны буудал дээр шаг зарах гэж яваад бороохойдуулж байснаа санагалзав. Та нарыг энд бужигнуулсны дараа Монголд бас ардчилсан хөдөлгөөн өрнөсөн. Миний аав соцдекийн идэвхтэн байсан. Би арваад настай бацаан байсан ч ах нарын дэргэд алтан чихтэй болж ардчилал, хүний эрх гээд дотроо дэмжиж, өлсгөлөн, жагсаалын талаар радио сонсож суудаг байсан хэмээн дурсамжаа хуваалцав.
Борусевич гуай хэлж байна, бид тэмцэл өрнүүлээд хуучин системийг нураасан. Чөлөөт ертөнцтэй нэгдээд, Европын холбоонд ороод одоо л сайхан тайван боллоо гэсэн чинь тэгдэггүй юм байна. Тайван байдлаа хамгаалахын тулд дайнд бэлдэх хэрэгтэй болох нь. Одоо дэлхий учраа олохгүй бол бидний хүүхдүүд дахиад л дайнд оролцоход хүрнэ. Хэн түүнийг хүсэх вэ дээ. Тэмцэл дуусахгүй нь. Залуу үе шийднэ дээ хэмээн санаа зовнингуй өгүүлэв.
Монголын хувьд нийгэм нь нээлттэй, удирдагчид нь солигдож байгаа нь сайн хэрэг. Хэдэн бүрэн эрхийн хугацаа дамнасан ч хөдөлдөггүй удирдагч л бий болгуузай, тэгвэл дарангуйлал руу орно шүү хэмээн бодлоо хуваалцав. 90-ээд онд Монголд дэмжлэг үзүүлж байсан Солидар хөдөлгөөний зарим нөхдөө дурдаад, холбогдох хаягаа солилцсоноор бидний яриа өндөрлөв.