2021.01.14
“Оюутны хөгжлийн зээл” олгогдоно
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нарт оюутнуудаас “Оюутны хөгжлийн зээл”-г олгохгүй байгаа асуудалд анхаарал хандуулж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирж байгаа талаар мэдээлж байсан.
Үүний дагуу С.Одонтуяа, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын хэд хэдэн гишүүд оюутнуудын төлбөр тооцоо, зээл, хөнгөлөлттэй холбоотой асуудлаар Засгийн газар, салбар яам нь нэн даруй анхаарлаа хандуулж үүсээд буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан.
Засгийн газрын хуралдаанаар оюутнууд, тэдний ар гэрийнхний гишүүдэд хандсан хүсэлтүүд бодит ажил болохоор боллоо.
“Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Тодруулбал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24,8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ.
Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой болж байна.
Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3,1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргаж мөрдүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд даалгажээ.
С.Одонтуяа гишүүн өөрийн цахим хуудаснаа Оюутнуудын дуу хоолойг төрд хүргэсэн эдгээр хүмүүстээ #Талархалын_үгээ_харамгүй_хэлцгээе! Таны төлөө гаргасан хүний сэтгэлд Талархалын хариу заавал өгөөрэй гэж уриалсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn