Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800 мянган төгрөгийн буцалтгүй тусламж өгнө
2020.11.15

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800 мянган төгрөгийн буцалтгүй тусламж өгнө

Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид болон сонсогчидтой уулзаж, ажлын нөхцөл байдалтай танилцлаа.

Замын цагдаагийн албан хаагчид хоёр ээлжээр ажиллаж байгаа учраас цаашид албан хаагчдын ажлын ачааллыг бууруулж, гурван ээлжээр ажиллуулах зэрэг арга хэмжээг авна. 

Мөн цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа ДХИС-ийн сонсогчдын өвлийн хувцасны хангамжид онцгой анхаарал хандуулж ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. 

Монгол Улсын Засгийн газраас онцгой нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад 800 мянган төгрөг, нэмэлтээр ажиллаж буй ДХИС-ийн сонсогчдод хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгийн НЭГ удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх шийд гаргасан байна. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцгой байдлын үед ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидын ажиллах үйл явцтай ажлын багын хамт биечлэн танилцаж, урам зориг, хичээл зүтгэлтэй ажиллаж байгаад талархлаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад цалингийн нэмэгдэл, урамшуулал олгох асуудалд онцгой анхаарал хандуулна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өглөө, үдшийг ялгалгүй ажиллаж буй та бүхнээрээ бахархаж байна. Мөн алба хаагчдын маань ар талыг найдвартай дааж байгаа ар гэрийнхэнд нь талархал илэрхийлье.