Ц.Туваан: Үндэсний аюулгүй байдлын 2018 оны судалгаагаар 10000 ургийн 900 орчим нь өсөлтгүй буюу амьгүй ураг болж байна
УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\ нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:
Утаа бол улс төржих асуудал биш. Асуудалд цогцоор хандах ёстой. Азотын давхар исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл хүхэрлэг хий гээд өвчнөөр бол жижигхэн шинж тэмдэгийн чанартай юмыг ярьж байна. Гэхдээ эх үүсвэр дээр нь юу болж байна гэдгийг авч үзэх ёстой. Төсөвтэй холбоотой асуудал дотор агаарын бохирдлыг бууруулах буюу том цогцоор авч хэлэлцэх асуудал дээр юу тавьсан бэ? Цогц гэдэг дотор гэр хорооллын барилгажилт, төвлөрлийг сааруулах буюу дагуул хотын асуудал, машины түгжрэлийг бууруулах зэрэг олон асуудлыг авч хэлэлцснээр шийдэгдэнэ.
Машины түгжрэлийн тал дээр буруу рультэй машиныг халах тухай ярьж байна. Буруу рультэй машиныг халлаа гээд Солонгосоос оруулаад ирнэ. Хүмүүс яагаад машин унаж байна гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүйгээр рулийг солиод асуудал шийдвэрлэгдэхгүй.
Утаа яригдахаар хүний эрүүл мэнд хамгийн номер нэг асуудал болж байна. Монголчууд уушиг, амьсгалын зам, зүрх судасны өвчлөлөөр дэлхийд тэргүүлээд эхэлсэн. Үндэсний аюулгүй байдлын 2018 оны судалгаагаар 10000 ургийн 900 орчим нь өсөлтгүй буюу амьгүй ураг болж байна. Энэ асуудал агаараас маш их болж байгаа.
Өнгөрсөн жил олон хүмүүс нас барсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ? Нэг гэр бүлээс гурав, дөрвөөрөө нас барсан тухай тодруулж өгнө үү?
Хоёрдугаар цахилгаан станц дээр Шахмал түлшний үйлдвэрт маш их хөрөнгө зарцуулж байсан. Хийж байсан хүмүүс нь хулгайч байсан учраас ажил зогссон гэсэн. Энэ асуудал яаж шийдвэрлэгдсэн бэ?
Түүний асуултанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хариуллаа.
Өсөлтгүй жирэмслэлт, амьгүй ургийн талаарх асуудал олон шалтгаантай гэж мэргэжлийн хүмүүс үздэг. НҮБ-ийн хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар гарцаагүй орчны бохирдолтой, утаатай газар бол ураг 80 граммаар бага, амьгүй төрөлт нэмэгдснийг судалгаагаар гаргасан байсан. Тийм учраас энэ зоримог шийдвэрийг гаргаж хүний эрүүл мэндтэй холбоотойгоор асуудалд хандаж байгаа гэдгийг давтан хэлье.
Иргэдийн шөнийн тарифийн хөнгөлөлт 21 аймгийн төв болон 10000-аас дээш хүн амтай хот суурин газрын шөнийн цахилгааны тарифийн хэрэглээг 100 хувь хөнгөлж байгаа. Үүнд 4.1 тэрбум төгрөгийг 2021 оны төсөвт суулгаж өгч байгаа.