2020.11.06

Н.Ганибал: Хэрэглээний буруугаас биш хүхрийн хий ихэссэнээс болж хүний амь нас эрсдэж байна

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдын "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:
  • Хүхрийн хий гэж юу вэ? Хүхрийн хий бол өнгөгүй, өвөрмөц, хурц үнэртэй, цочиромтгой хий бөгөөд нүүрсний шаталт, тээврийн хэрэгслийн хаягдал утаанаас үүсдэг гэж заасан байна.
  • Хүхрийн хий хүний биед яаж нөлөөлдөг вэ? Архаг нөлөө амьсгалын замын өвчнийг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг, цаашлаад үхэлд хүргэдэг гэж заажээ.

Утааны харагдах байдал, харанхуйлах нь багассан нь үнэн. Хүхрийн хийн агууламж ихэсснээр хүний амь насанд хүрээд байна. Ийм учраас энэ асуудлыг ямар нэгэн байдлаар хэрэглээний буруугаас биш хүхрийн хий ихэснээс болоод хүний амь нас эрсдэж байна гэдгийг та бүхэн ард түмэнд тайлбарлаж өгөх хэрэгтэй. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Хүхэрлэг хий, гол гол азотын давхар исэл, хүлцэлийн агууламжийг ПМ2.5, ПМ10 гээд тоосонцорын бүх л зүйлийг үзэж байгаа. Ер нь байх стандартын түвшинд тодорхой зүйлүүд нь байгаа. Түлшний дээжийг гурван улсад явуулж шинжлүүлсэн. Бүх юм төгс сайхан болоогүй учраас өмнөхтэйгээ харьцуулвал сайжирсан байна. Мэдээж орон сууцанд оруулаад, цахилгаан, хийгээр шийдвэрлэсний дараа бүх асуудал дуусна. Тэр хүртэл 30 жилийн хугацаанд бий болгосон гамшгийн нөхцлөөс гаргах гэж явж байна. Янз бүрийн шийдэл гардаг ч агаарын бохирдолыг арилгах хэмжээнд ямар ч байсан том ахиц гарсан. Үүнийгээ яаж төгөлдөржүүлэх вэ гэдэг асуудал байна. Гэхдээ бас машины утаанаас гол бохирдол бас гарч байгаа.