2020.11.02
Төсвийн зардлаас 60-70 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн талаар тус бүлгээс мэдээлэв.
Цар тахлын эдийн засаг, нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах Засгийн газрын өргөн барьсан төсөв гэдгийг Төсвийн тухай хуулийн төсүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Б.Жавхлан мэдээлэв.
Тэрбээр, "2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12 их наяд төгрөг байсан бол 2020 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наяд төгрөг буюу 20 хувиар их төсөөлсөн. Тиймээс энэхүү төсөөллөө биелүүлж чадах эсэх нь анхаарах ёстой асуудал. Мөн төрийн өмчит болон улсын, орон нутгийн өмчит газрын төсөвт төвлөрүүлэх нь орлого хангалтгүй байгаа тул Засгийн газар энэ чиглэлд даруй бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай" хэмээв.
Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд танаж болох зардлын асуудлаар хэлэлцэж 60-70 тэрбум хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд Байнгын хороогоор эцэслэнэ гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа. Ингэхдээ, 1.3 их наяд төгрөгийн 68 төрлийн халамжийн зардлаас 3-5 хувийг нь хэмнэж 25 тэрбум төгрөг гаргахаар тооцсон хэмээн тэмдэглэв.