Ирэх 4 жил Дорноговь аймаг хөгжлийг түүчээлж, хүчээ нэгтгэсэн жил болно
2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж, иргэд өөрийн амьдарч буй орон нутгийнхаа өөрсдийн төлөөлөх болох хүмүүсээ сонгоод байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт 8,167 мандатын төлөө 17.149 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Үүнээс НИТХ-ын 45 суудлын 34-ыг нь МАН авсан бол АН найман суудал, ХҮН гурван суудал тус тус авжээ. Харин дүүргийн ИТХ-ын тухайд Сүхбаатараас бусад дүүрэгт Монгол Ардын Нам олонх болжээ. Орон нутгийн хувьд 21 аймгийн наймд нь Ардчилсан нам олонх болсон байна.
Өнгөрөгч 6 дугаар сард болсон УИХ-ын сонгуулийн ялалтын буухиаг МАН-аас нэр дэвшигчид үргэлжлүүлсэн. 4 сарын зайтай болсон 2 удаагийн сонгуульд МАН ялалт байгуулахад нөлөөлсөн гол зүйл бол намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд, гүйцэтгэх засаглалд хийж хэрэгжүүлж байгаа амжилттай ажил, шийдвэрүүд нь байсан гэж олон судлаачид дүгнэн тайлбарлаж байгаа. Гэхдээ үүний цаана энэ намын эв нэгдэл, удирдлагын чиг баримжаа, дотоод зохион байгуулалт сайн байсныг 2 удаагийн сонгуулийн ялалт гэрчилж байна.
Зарим аймагт УИХ-ын сонгуулийн үеэр өмнөх 4 жилд АН-д алдчихсан байсан эрхээ эргүүлэн авч чадсаныг харахад намын дунд, доод шатны байгууллагууд эв нэгдэлтэй, дотоод зохион байгуулалт сайтай ажилласныг баталж байна. Түүнчлэн аймгийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож төрийн түшээ болсныг харахад яах аргагүй тухайн аймаг, орон нутгуудад МАН-ын анхан шатны байгууллагууд хүчтэй байгааг гэрчилнэ.
Жишээ нь 2020 онд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Дорноговь аймагт МАН түүхэн ялалтыг байгуулсан гэж онцолж болно. УИХ-ын ээлжит сонгуульд тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан Т.Энхтүвшин МАН-аас нэр дэвшиж аймгийнхаа иргэдийн олонхийн саналыг авч ялалт байгуулсан бол орон нутгийн сонгуульд тус аймгийн нийт 33 тойрогт МАН-аас нэр дэвшигчид 28 суудал авч үнэмлэхүй олонх болж ялалт байгуулсан нь мөн л тус намын болон орон нутаг дахь намын салбар байгууллага хүчтэй, эв нэгдэлтэй байгааг харуулж чадсан юм.
Ирэх 4 жил Дорноговь аймгийн хувьд хөгжлийг түүчээлж, хүчээ нэгтгэсэн жил байх нь дамжиггүй биз ээ.