Х.Амгаланбаатар: Цар тахлын үед ажлын байрыг хадгалж, хамгаалж чадсан
“Ковид-19 ба хөдөлмөр эрхлэлт”сэдэвт 21 аймгийн нийгмийн түншлэгчдийн цахим уулзалт өнөөдөр /2020.09.23/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд боллоо.
Энэхүү уулзалтаар ковид-19 цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт болоод хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлтүүдийн талаар санал солилцож, цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж 2019 оны зургаадугаар сарын байдлаар 44800 байсан бол 2020 оны мөн үеийн байдлаар 46762 болж өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин даатгуулагчийн хувьд 2019 оны зургаадугаар сарын байдлаар 966 мянга байсан бол энэ оны зургаадугаар сарын байдлаар 961 мянга болж буурсан байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр бол авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нэлээн сайн үр дүн өгсөн байна гэдгийг харуулж байна.
Учир нь нийгмийн даатгалд хамрагдагсдын тоо өссөн байна. Өмнө нь нийгмийн даатгалд шимтгэл төлдөг аж ахуй нэгж байгууллага, даатгуулагчдын тоо буурах үзүүлэлттэй байсан. Цар тахалтай байгаа энэ хүнд үед нэмэгдсэн байгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл энэ хүнд үед ажлын байрыг хадгалж, хамгаалж чадсан байна.
Үүнээс гадна орлогыг нь хадгалж, хамгаалах чиглэлээр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хойшлуулах арга хэмжээг авсан. Үүний үр дүн аж ахуйн нэгж болоод хувь хүнд тодорхой хэмжээгээр хүрснийг тоон мэдээлэл харуулж байна.
Үйлчилгээний салбар, албан бус салбарт авч шийдэх, тулгамдсан асуудлууд байгаа. Энэ хүрээнд орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, эздийн байгууллага, тухайн орон нутгийн төр захиргааны байгууллага тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас орон нутгийн төлөөллүүддээ ажлын байрыг хадгалж хамгаалах бүхий л арга хэмжээг авах, үйлдвэрчний эвлэлийн гишүүд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэйгээ байнгын холбоотой байж, мэдээллийг газар дээрээс нь шуурхай хүргэх, цар тахлын үед анхаарал, сэрэмжтэй байж, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах чиглэлийг өгсөн юм.