Мэргэжлийн сургалт, боловсролын талаар ЮНЕСКО-гоос гаргасан тайланг гардуулав
2020.09.08

Мэргэжлийн сургалт, боловсролын талаар ЮНЕСКО-гоос гаргасан тайланг гардуулав

Манай улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын талаар НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гоос гаргасан бодлогын тойм шинжилгээний тайланд мэргэжлийн сургалт, боловсролын санхүүгийн менежментийг сайжруулах хэрэгтэй хэмээн тусгажээ.

Цаашлаад бодлогын тайланд:

  • техник, мэргэжлийн сургалт, боловсролын засаглал, менежментийн үр нөлөөг дээшлүүлэх, 
  • Техник, мэргэжлийн сургалт, боловсролын хөтөлбөрийг бүх насны хүмүүсийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх, 
  • хөдөлмөрийн зах зээлийг мэдээллийг Техник мэргэжлийн боловсрол, сургалтад үр дүнтэй ашиглах зэргийг тусгасан байна. 

Уг тайланг танилцуулах үйл ажиллагаа НҮБ-ын төв байранд өнөөдөр болж, ЮНЕСКО-гоос гаргасан тайланг НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра ХНХ-ын сайд А.Ариунзаяад албан ёсоор гардуулав. 

Манай улсын ХНХЯ 2018 онд Монгол Улсын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого, зохицуулалт, энэ салбарт тулгамдаж буй зүйл, ололт амжилтын талаар цогц тойм дүн шинжилгээ хийлгэх саналыг ЮНЕСКО-д тавьж, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт шинэчлэл хийхэд Монгол Улсын Засгийн газарт бодлогын зөвлөмж өгөхийг албан ёсоор хүссэн юм. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ үеэр хэлэхдээ, ЮНЕСКО Монгол Улсын мэргэжлийн сургалт, боловсролын салбарт дүн шинжилгээ хийж зөвлөмж өгч буйг бид цаашдын бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлж явахаа илэрхийлэв. 

Энэхүү бодлогын дүн шинжилгээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэгш, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төрөлжсөн, ногоон, дижитал эдийн засагт шилжихэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. 

Тэрээр, техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих нь Тогтвортой хөгжлийн зорилт-2030 болон НҮБ-ын хөгжлийн туслалцааны хүрээнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай шууд хамааралтайг онцлоод, Монголд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчин бэлтгэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.