А.Чанцал : Н.Учрал гишүүний ачаар охин бид хоёр нийгэмшсэн
Улсын хэмжээнд 30.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа гэсэн судалгаа байдаг. Гэвч тэдний сургуулийн өмнөх боловсрол олж авах, цаашлаад сурч боловсрох эрх гээд маш олон эрхээ эдлэж чадахгүй байсаар байна.
Мэдээж хэрэг хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийн цаана тухайн гэр бүлийн хэн нэг гишүүн заавал гэртээ байж хүүхдээ асрах шаардлагатай байдаг тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, цаашлаад өрхийн орлого багасч амьдралын түвшин буурдаг гээд дурдаад байвал маш олон хүндрэл бэрхшээл байдаг.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад зориулсан ердөө ганцхан улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ нь мэдээж хаанаа ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой.
Харин УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлага, хувийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт “Тэмүүжингийн Андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийг байгуулан ажиллаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж.
Мэдээж уг цэцэрлэг маань 100 хувь үнэ төлбөргүйгээр тус дүүрэгт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа, сувилгаа, эмчилгээ хийхийн сацуу боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг. Одоогоор 73 хүүхэд тогтмол хүмүүжиж, мөн 100 гаруй хүүхэд өдрийн эмчилгээнд хамрагдан сэргээн засах эмчилгээ сувилгаанд хамрагдаж байна.
Мөн уг цэцэрлэгт хүүхдээ хамруулангаа өөрсдөө эндээ ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн хүүхэдтэйгээ нэгэн ижил зовлонтой хүүхэд багачуудыг асарч сувилж буй эцэг эхчүүд ч бий.
Тэдний төлөөлөл болох тус цэцэрлэгийн багш А.Октябртай уулзсан юм.
МАНАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДДАГ 70 ГАРУЙ ХҮҮХДЭД ОНЦГОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН
Тэрбээр хэлэхдээ “ Манай Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт цэцэрлэг байгуулж өгснөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон эцэг, эхийн ажлыг хөнгөвчилж өгсөн. Тухайлбал бид хүүхдээ тэврээд л ЭХЭМҮТ- рүү явж, бөөн очер дараалалтайгаар сэргээн засах үйлчилгээг авдаг байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авдаг цэцэрлэг байхгүйгээс бид ажил хөдөлмөр эрхлэж чаддаггүй байсан. Тэгвэл өнөөдөр бидний ажил хөнгөвчлөгдөж хүүхдээ ч цэцэрлэгт хамруулж, өөрсдөө ажлаа хийх нөхцөл бололцоо бүрдсэнд талархаж явдаг аа. Өнөөдөр манай цэцэрлэгт хамрагдаж байгаа 70 гаруй хүүхдэд маань ч маш их өөрчлөлт гарч, эрүүл мэнд, хувь хөгжлийн чадвар нь онцгой дээшилж, нийгэмшиж байгаад эцэг, эхчүүд маань урам зориг авдаг.
Энэ бүхнийг санаачлан ажил хэрэг болгосон УИХ-ын гишүүн Н.Учралд манай цэцэрлэгийн нийт багш ажилчид, эцэг эхчүүд талархаж явдаг. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын нийгмийн хамгааллын асуудалд төр онцгойлон анхаарах ёстой гэж бодож байна” гэсэн юм.
Мөн бид тус цэцэрлэгийн багш А.Чанцалтай цөөн хором ярилцлаа.
А.ЧАНЦАЛ: "ТЭМҮҮЖИНГИЙН АНДУУД" ЦЭЦЭРЛЭГИЙН БАРЬЖ БАЙГУУЛЖ ӨГСӨН Н.УЧРАЛ ГИШҮҮНДЭЭ БАЯРЛАЛАА
-Таны охины талаар яриагаа эхлэх үү ?
-Миний охин Б.Сосорбурам 2015 онд төрсөн. Төрөхдөө хэвийн зүгээр байсан боловч шарлалт нь буухгүй удаан явснаас ДЦП буюу булчингийн сулрал гэсэн оноштой болсон. Надад маш хэцүү өдөр хоногүүд олон байсан. Охиноо гадуур дагуулаад явахад хүмүүсийн хэвийн биш хандлага охин бид хоёрыг өөрийн мэдэлгүй нийгмээс тусгаарлахад хүргэж байсан. Би охиноо хараад л гэртээ байдаг байсан, ажил хийх ямар ч боломжгүй, үнэхээр шаналдаг байлаа.
-Одоо харин охин та хоёр хоёулаа албатай болсон гэсэн?
-Тийм ээ. Миний охин Бадам-Очир овогтой Сосорбурам нь 2017 онд “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт анх орохдоо ярьж, явж чадахгүй, өөрөө өөртөө үйлчилж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд миний охинд маш том өөрчлөлт, ахиц дэвшил гарч, тэр ч байтугай алтан дэлхийд бяцхан хөлийнхөө мөрийг үлдээж алхаж, гишгэж чадаж байгаад маш их баяртай байна. Миний хувьд ч охиноо өсгөнгөө ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж, цэцэрлэгтээ багшлаж байгаа.
Хамт олонтой болоод сэтгэл сэргэж, миний охиноо өсгөөд сайхан байна. Одоо охин бид хоёр хоёулаа нийгэмшсэн. Манай хүүхдээс гадна маш олон хүүхэд ийм өвчтэй гэдгийг нь мэдсэн. Эдгээр хүүхдүүдийг эмчилгээ сувилгаанд хамруулж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, эцэг эхийг нь ажил хөдөлмөр хийх боломжийг бүрдүүлж өгсөн УИХ-ын гишүүн Н.Учралдаа маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй олон эцэг, эхчүүд, ар гэрийнхэн тухайн цэцэрлэгийг барьж байгуулсан Н.Учрал гишүүнд талархаж байгаагаа илэрхийлж, төрд зүтгэх их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч байлаа.