Эргээд бодоход 70-80 жил төр барьсан намын лидерүүдтэй өрсөлдөн ялахдаа ялж, ялагдахдаа ялагдаж явсаар энэ хүрчээ
Эргэн санахад...
1992 он. Нэг өдөр ээж, дүү хоёртойгоо ажил дээрээ сууж байтал С.Зориг "Хүрч ирээд уулзаадахаач" гэж хүнээр хэлүүлжээ. Молор-Эрдэнэ ХХК-аа дөнгөж байгуулчихсан байсан үе л дээ.
Яваад очлоо. С.Зориг, Да.Ганболд, Ш.Алтангэрэл, Э.Бат-Үүл дөрөв тамхины утаа суунагласан өрөөнд их л нухацтай царай гаргачихсан сууж байна. Сайхан өтгөн байхуу цай хийж өгөхөөр нь уугаад сууж байтал С.Зориг:
"Эрдэнээ, Ганболд Хайлаастын 12-р тойрогт өрсөлдөх гэж байна, МАХН-ын дарга Гомбожавын Очирбаттай өрсөлдөх болчихлоо. Чи очиж тусал, сурталчилгаанд нь хамт яв" гэж байна.
"Тэгье ээ" л гэлээ.
Ингээд сурталчилгааны өдрүүд эхэллээ. Тэр үед машин байтугай гар утастай хүн ховор цаг, бид ч тэдний нэг... Өглөө эрт автобусанд чихэлдэж аваад л Хайлаастын эцэс рүү явна. Очоод удаагүй байтал Ганболд маань бас гутлан дээрээ хэдэн гутлын мөртэй, автобуснаас чихэлдсээр бууж ирнэ. Ингээд л Хайлаастын гудмаар "шороо манаргаад" алхаж өгнө дөө.
Тааралдсан хүмүүст "Намайг Ганболд гэдэг. Би танай 12-р тойрогт нэр дэвшиж байгаа" гэхээр нь би залгуулж аваад л нэр дэвшигчээ магтан таниулах ажлаа хийнэ. Тэгээд л алхаж байтал хажуугаар цагаан хоолой "орилуулсан" УАЗ-496 цонхоороо кино үйлдвэрийн 33мм-ийн хальсны камертай зураглаачийн толгой "шоволзуулсаар" хажуугаар давхиад өнгөрнө. Өнөө бид хоёрын өрсөлдөгч 70 жил төр барьсан намын дарга сурталчилгаагаа хийж яваа нь тэр...
Харин хааяа бид 2 дээр гадаадын хэдэн сэтгүүлчид "шавчихна". Бид 2 мундагтаа ч биш, шинэ тогтсон Ардчилалтай улсад том намын даргатай шинэ залуу үеийнхэн өрсөлдөж байгаа нь тэдэнд сонирхолтой байсан байх л даа. Нөгөө хэдээ дагуулаад л сүртэй хэдэн хүн явна. Тэгж явахад хүмүүс сонирхож ирээд бид хоёрт харин ч завшаантай.
Ингэж явсаар хүч тэнцвэргүй тулаанд гуравхан хувийн саналаар ялагдлаа. Намын даргыг "Арай л барсангүй дээ" гэж инээлдсээр энэ удаагийн сонгуулиа дуусгасан ч хэдхэн сарын дараа нөхөн сонгуулиар Ерөнхий сайд П.Жасрайтай Э.Бат-Үүл өрсөлдөхөд Ерөнхий менежерээр нь ажиллан ялалт байгуулж байв.
Эргээд бодоход миний улс төрийн амьдрал 70-80 жил төр барьсан намын лидерүүдтэй өрсөлдөн ялахдаа ялж, ялагдахдаа ялагдаж явсаар энэ хүрчээ.
Энэ тухай дараа өгүүлэх болно...