Ж.Батзандан, Л.Болд нар үлдсэн нэр дэвшигчдээ ЭНЭ 7 ХОНОГТ зарлана
2020.05.12

Ж.Батзандан, Л.Болд нар үлдсэн нэр дэвшигчдээ ЭНЭ 7 ХОНОГТ зарлана

Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам өнөөдөр /2020.05.12/ Төрийн ордонд зарим нэр дэвшигчдээ албан ёсоор зарлалаа. Тус намынхан өчигдөр /2020.05.11/ хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан байна. Үүнтэй холбогдуулан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар мэдээлэл хийлээ. 

Тэд мэдээллийнхээ эхэнд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус намаас нэр дэвших эрхээ өвөртөлсөн зарим нэр дэвшигчдийн танилцуулсан юм. Тодруулбал, тус намынхан УИХ-ын сонгуульд 34 мандат оногдсон байна.  Тиймээс эхний ээлжид нэр дэвшигчдээ тодруулсан байна. Харин үлдсэн нэр дэвшигчийг энэ долоо хоногт танилцуулж, эцсийн байдлаар эцэслэх болно гэдгээ хэллээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагт дуусгавар болно. Бусад нэр дэвшигчдээ ШИНЭН-ынхан энэ долоо хоногт хуралдаж, тодруулах болно. Манай намь 34 мандат оногдсон. Энэ мандатад тохируулж нэр дэвшигчдээ тодрууллаа. Нэр дэвшигчдээ тодруулахдаа бусад нам шиг мөнгөний шалгуурыг тавиагүй. Дэнчин төлсөн нэг ч нэр дэвшигч байхгүй. Мөнгө тарааж, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байгаа 60 тэрбумын бүлэглэл, 100 сая төгрөгийн бүлэглэл үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Бүлэглэлийн салбараас Монгол төрийг салгах цаг нь болсон гэж үзэж байна. Шударга Монголын төлөө, МАНАН-гүй гэгээлэг Монголын төлөө итгэж байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд ""Бид зүгээр нэг нам, эвсэл биш. Монголын ард түмний хувь заяаны шинэ сонголт юм. Өвлийн хүйтэнд талбай дээр тэмцэхдээ эрх чөлөө, эд баялгийнхаа төлөө тэмцсэн юм. МАНАН дэглэмийн эсрэг тэмцсэн, өөрчлөх ёстой гэж чанга дуугарч, хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Өнөөдөр 40 хоногийн дараа болох гэж байгаа сонгуульд ШИНЭН-ын залуусыг сонгох хэрэгтэй. Та бүхэн тэмцэл, зорилгодоо үнэнч байж баталгаажуулаарай" хэмээн тодотголоо.