Ж.Сандагсүрэн: Коронавирусийг далимдуулж улс төр битгий хийгээч
2020.04.10

Ж.Сандагсүрэн: Коронавирусийг далимдуулж улс төр битгий хийгээч

Нийслэлийн СХД-ийн айл өрхүүдэд зарим иргэн ариутгалын бодисыг сонин, сэтгүүлийн хамтаар тараасныг тус дүүргийн ЗДТГ-аас Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн байна.  

Энэ асуудлаар болон коронавирусний халдвараас  сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд тусгаарлалтаас гарсан найман иргэнд хяналт тавьж ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд гудамжны ариутгалыг бүрэн хийж дууслаа. 44 мянган иргэнээс асуумж авч, Улаанбаатар хотод нэвтэрч байгаа иргэдийг хоёр чиглэлээр оруулж байна. Ирэх долоо хоног гэхэд дүүргийн хэмжээнд байгаа бүх нүхэн жорлонг ариутгаж дуусахаар ажиллаж байна.

Төрийн алба хаагчид өндөржүүлсэн байдалд ажиллаж байхад зарим хүн иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийгээд байна. Эдгээр хүмүүс ямар ч хамгаалах хэрэгсэлгүй явж байсан учраас бид зөрчлийн хуулиар шийдвэрлэсэн. Хэрэв хандив өгөх гэж байгаа бол албан ёсны байгууллагад нь өгчих. Тэр хүмүүс хамгаалах хэрэгсэлтэйгээ ажлаа хийчихнэ.

Коронавирусний дэгдэлттэй холбоотой битгий улс төр хийгээч гэж хүсмээр байна. Цаашдаа өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг хэн нэгэн хүн зөрчих юм бол бид хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэдгийг хатуу сануулъя” хэмээлээ.