Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ
2020.03.05

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, зорилтот бүлгийнхний саналыг АЭХ-оос боловсруулан нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өглөө. Энэхүү саналыг хүлээн авснаар Ардчилсан нам Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг санал болгохоо УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцолсон юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг цахимаар хүлээн авах аяныг эхлүүлээд байгаа бөгөөд салбар бүрээс ажил хэрэгч саналуудыг ирүүлсээр байна. Эдгээрийн нэг нь АЭХ-ны нэгтгэн, боловсруулсан санал юм.

Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхийлэн, манлайлан ажиллаж байна. Тиймээс ч АЭХ-оос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цалин, орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх олон чухал саналыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэн өгсөн юм.
2012-2016 онд Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд нийгэмд үр өгөөжтэй олон хуулийг батлуулж чадсан. Тухайлбал, АЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль , УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг тус тус батлуулж байв. Түүнчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тэтгэвэр, ажилласан жилийг нэмэгдүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулсан зэрэг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд чухал санал, санаачлагууд гаргасныг АЭХ-ны удирдлагууд онцолсон юм.
Ардчилсан нам шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Цаашид ч анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл рүү чиглэсэн олон чухал саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм.