2020.02.20

Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн нутгийн малчдад 883 тн өвс үнэ төлбөргүй олгоно

Улсын Онцгой комисс Завхан аймагт олгохоор тооцоолсон 760 тонн өвсийг 883 болгож, 730 тонн тэжээлийг 905 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ 883 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хямдруулсан үнээр олгохоор шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа Улсын Онцгой комиссын гишүүдийн хамт Завхан аймагт ажилласан юм.

Тэрээр Өвөлжилт хүндэрсэн Их-Уул, Тосонцэнгэл сумдад ажиллаж, нөхцөл байдал болон малчдын санал хүсэлтийг сонслоо. Зарим сумын малчдын хувьд цас их орсны улмаас малаа бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Улмаар малчид байгаа өвс тэжээлээ хэрэглээд үндсэндээ дуусжээ. Тосонцэнгэл, Их-Уул сумдын 166 өрхийн 246 хүн, 70.1 мянган мал хүндхэн өвлийг давахын тулд хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт отроор өвөлжиж байна.

Их цаснаас урьтаж нүүж, оторлож чадаагүй малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, бэлтгэсэн өвс тэжээлээ дууссан байна. Үүнээс улбаалан зарим айлуудад малын хорогдол ч гарч эхэлжээ.

Малчдын хувьд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 80 гаруй хувийг нь хэрэглээд байгаа бөгөөд хаваржилт хүндэрвэл малдаа өгөх өвс тэжээлгүй болох эрсдэл үүсээд байна. Тиймээс аймаг, сумаас хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл нийлүүлэх талаар анхаарахыг хүссэн юм. Энэ хүрээнд З.Нарантуяа гишүүн Завхан аймгаас сонгогдсон гишүүний хувьд малчдын хүсэлтийг Тосонцэнгэл суманд болсон Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөр ахлуулсан “Шуурхай бүлэг”, аймгийн онцгой комиссын хуралдаанд танилцууллаа.