2020.01.31
Б.Дэлгэрсайхан: ББСБ борооны дараах мөөг шиг олон боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Орон тооны гишүүнд нэр дэвшиж байгаа алба хаагчидаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
"ББСБ борооны дараах мөөг шиг олон боллоо. Их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Олон нийтийн дунд яригдаж байгаагаар голлон эрх бүхий албан тушаалтан, Монголбанк, СЗХ-ны ажилтны хамаарал бүхий этгээдүүд ББСБ-тай байна гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ? Хэн эзэмшиж байгааг зарлах боломж байдаг уу?
Мөн арилжааны банкны зээлийн болзол хангахгүй байгаа иргэд ББСБ-ын болзлыг хангаад зээл аваад байдаг. Тэрийгээ төлж чадахгүй. Чадахгүй болохоороо нэгээс нөгөө ББСБ-руу шилжиж зээл аваад хүү нь өсөөд л яваад байдаг. ОХУ-ын ТВ-ийн хэрхэн мөнгө хүүлж байгаа тухай нэг нэвтрүүлэг ч гарч байсан.
Хүү маш өндөр байна. Үүн дээр шалгуур үзүүлэлт байдаг уу? эсвэл хүүгийн хүү бодоод нэмэж аваад байдаг юм уу? Нэгэнт төлж чадахгүй гэдгийг мэдсээр байж зээл олгоод байдаг нь ямар учиртай юм бэ? Энэ тал дээр Санхүүгийн зохицуулах хороо хяналт, шалгуур тавьдаг уу?
Монголбанк, ББСБ нийлж валютын ханшийг өсгөөд байна гэсэн хардлага байна. Доллар зарагдлаа, Монголбанк дуудлага худалдаа хийлээ л гэдэг. Ямар нэг тодорхой тоо мэдээлдэггүй. Хомсдоод байгаа доллар нь ББСБ-д Монголбанкны ханшаас 2-3 төгрөгийн илүү үнэтэй байдаг. Тэгвэл Монголбанк яах гэж өдөр бүр валютын ханш зарладаг юм бэ? ББСБ-ын ханшийг нь дагаад хар зах дээр долларын ханш өсөөд л яваад байна. Иргэд Найман шаргаас л валютаа авдаг. Ингээд өндөр үнэтэй иргэд авдаг. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг.
Энэ их өртэй хүмүүсийг яах вэ? Мөдхөн өр барагдуулах алба гэдэг шиг хэсэг бүлэг хүмүүс бий болох нь л дээ."
Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр нэр дэвшигчид хариулт өглөө.