Байгалийн ургамлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.09\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэлтэй байгаагаас унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөргөөр нөлөөлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгаль дээрх ургамал ховордох шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байна.
Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй тарих ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага гүйцэтгэх асуудлыг тусгасан байна. Мөн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах асуудлыг бусад хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулжээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд харин төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй.
Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.