Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулна
2019.12.17

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.17) хуралдаан 11 цаг 51 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав.

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явцуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985.000 еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ.

Зээлийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0.08 хувь гэлээ. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа гэдгийг сангийн сайд танилцууллаа. 

Хэлэлцээр соёрхон батлах тухай уг хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.