А.Ундраа: Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хуралд үг хэлчих эрэгтэй улстөрч ч олдоогүй
2019.11.20

А.Ундраа: Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хуралд үг хэлчих эрэгтэй улстөрч ч олдоогүй

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин, сэтгүүлч П.Бөхбат

Хэлэлцүүлгийн үеэр Хөдөл мөрийн хуульд оруулах ажлын байрны зөрчил дээр голлон анхаарлаа хандуулна.

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ БУРУУ ҮЙЛДЭЛ ГЭДГИЙГ НИЙГМЭЭРЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ГЭДЭГ МАШ ЧУХАЛ. ХАРИН ТҮҮНД ХҮРЭХЭЭС ӨМНӨ ТАВАН СЕКУНДЫН ДҮРЭМ ГЭХ МЭТ ТУЙЛШИРСАН БАЙДЛААР ТЭМЦЛИЙГ НАРГИАН БОЛГООД ӨНГӨРӨХӨӨС СЭРГИЙЛЭХ ЁСТОЙ

Манай сонин бэлгийн дарамтын эсрэг олон нийтийн анхаарлыг чиглүүлэх үүднээс цуврал нийтлэл, ярилцлагыг уншигчдадаа хүргэсээр байгаа билээ. Энэ хүрээнд НҮБ-ын Жендерийн тэгш байдлын төлөөх He for she гэх кампанит ажлыг Монголдоо зохион байгуулсан УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцаж ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг ямар арга хэмжээ шаардлагатай талаар ярилцлаа.


-Жендерийн тэгш байдлын төлөө олон жил ажиллаж байгаа хүний хувьд бэлгийн хүчирхийллийн эсрэг хууль, журамд ямар өөрчлөлт хийвэл зохистой гэж та боддог вэ?

-Эрүүгийн болон Зөрчлийн хууль Төрийн албаны хуульд тусгасан ажлын байрны бэлгийн дарамт, хэн нэгнийг ялгаварлан гадуурхахын эсрэг заалтуудыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн албаны хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс 40 гаруй журамд өөрчлөлт оруулж байгаа.

Түүнд ажлын байрны бэлгийн дарамтын талаар хэд хэдэн зүйлийг тусгах шаардлага бий. Тухайлбал, төрийн албан хаагч ажлын байран дээрээ ёс зүйгүй үйлдэл гаргавал яах вэ гэдгийг тодорхой тусгах хэрэгтэй. Мөн төрийн албаны шалгалтын материалд ажлын байрны бэлгийн дарамт болон ялгаварлан гадуурхахтай холбоотой асуултууд оруулах нь зөв. Бас жил бүр ажлын байрны зөрчлийг шалгадаг байх зэрэг заалтууд оруулах ёстой. Үүнээс гадна байгууллага бүр хохирогч, хохироогч хоёрыг эвлэрүүлэн зуучлагч буюу омбудсментэй болох эрх зүйн үндсийг хуульд тусгаж өгөх нь чухал. Хэн нэгнийгээ буруу ойлгосон тохиолдол бүрт ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзээд зөрчил, шийтгэлд хүрээд байх утгагүй шүү дээ.

Тиймээс байгууллагууд тэдэнд ойлголцох боломжийг ажилчдынхаа итгэл даасан хүнээр дамжуулж олгодог. Олон оронд, том компаниуд ажлын байранд гарсан зөрчил, үл ойлголцол дээр омбудсменийг ашиглаж байна. Энэ талаар маргааш Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулах бэлгийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэгт оролцохдоо байр сууриа тодорхой илэрхийлнэ.

-Хувийн сектор болон бусад салбар дахь ажлын байрны бэлгийн дарамтад хариуцлага тооцох зохицуулалтыг хуульд яаж тусгах вэ?

-Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн хуульд оруулах ажлын байрны зөрчил дээр голлон анхаарлаа хандуулна. Ямар тохиолдолд ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэх, зөрчсөн албан хаагчид ямар хариуцлага тооцох зэргийг нарийн тусгах талаар ярилцана. Уг нь олон улсын байгууллагууд аль хэдийн ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг тогтсон дүрэм, журмыг хэрэгжүүлээд эхэлсэн. Манайд л өнөөдөр нойрноос сэрсэн юм шиг бэлгийн дарамт гэж нийгэм даяараа ярьж эхэлж байна. Ялангуяа төрийн албанд үүний эсрэг ойлголт хоцрогдчихоод байгаа учраас өндөр авч ярьж байна.

-Бэлгийн дарамтын эсрэг нийгэмд манлайлагч, алдартнууд оройлон оролцох, байр сууриа илэрхийлэн дэмжих шаардлага нэхэгдэж байна. УИХ-ын түвшинд энэ талаар хэр идэвх зүтгэл гаргаж байгаа бол?

-Өнгөрсөн жил НҮБ-ын Жендерийн тэгш байдлын төлөөх He for she гэх кампанит ажлыг Монгол Улс санаачлан зохион байгуулсан.

Нэрнээсээ л эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө эрэгтэйчүүдийг уриалсан хөдөлгөөн гэдэг нь тодорхой. НҮБ-д болсон дээд хэмжээний үйл ажиллагаанд алдартай улстөрчид, том компанийн захирлууд оролцсон. Жишээ нь, эрэгтэй үзэгчидтэй Formula-1 авто уралдааныг зохион байгуулагч компанийн захирал оролцож, эрчүүдийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө нэгдэхийг уриалж байр сууриа илэрхийлсэн. Намайг энэ арга хэмжээг Монголд санаачилж зохион байгуулж эхлэхэд реппер Gee, Voice шоуны ялагч Ц.Энгүүн түргүүтэй урлаг спортын алдартнууд дуу хоолойгоо хүргэж байсан.

Харин манай эрэгтэй улстөрчдөөс үг хэлчих хүн ч олдоогүй шүү. Тэндээс л манай нийгэм, улстөрчид ямар их хоцрогдож, бурангуй хэвээр байгаа вэ гэдэг нь илэрхий болсон.

-Хэлэлцүүлгийн үеэр эрэгтэй алдартнуудыг бэлгийн дарамтын эсрэг тэмцэхэд уриалга гаргах уу?

-УИХ-ын гишүүний хувьд, иргэний хувиар, эмэгтэй хүнийхээ үүднээс эрэгтэй манлайлагчдыг бэлгийн дарамтын эсрэг байр сууриа илэрхийлж идэвхтэй оролцооч ээ гэж уриалж байна. Хэлэлцүүлгээр хязгаарлаад тогтохгүй нийгэмд үүний эсрэг соёл тогтоомоор байна. Ажлын байрны бэлгийн дарамт буруу үйлдэл гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрнө гэдэг маш чухал. Харин түүнд хүрэхээс өмнө таван секундын дүрэм гэх мэт туйлширсан байдлаар тэмцлийг наргиан болгоод өнгөрөхөөс сэргийлэх ёстой