Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном”-д бүртгүүллээ
Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав.
Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх сорилтод оролцсон хөөмийчдийн хамгийн залуу нь 5, ахмад нь 83 настай байлаа.
Сорилтын шүүгчээр Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид ажиллав.
Түүнчлэн монгол хөөмийг дэлхийн дээд амжилт, Геннисийн номд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува улс, ӨМӨЗО, бусад аймгийн хөөмийчид хүрэлцэн иржээ.
Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, дэлхийн Хөөмийн холбоо хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
Тус үйл ажиллагаа нь соёлын өвийг хамгаалах, хөөмийн урлагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.
Хөөмийг салхины үлээлт, усны боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг даган дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг. Хөөмий бол монгол үндэстний олон талт баялаг өв бөгөөд амьд, өрнөлт уламжлал юм.