2019.10.18

О.Баасанхүү: Энэ хууль батлагдснаар үнэхээр гэрч, хохирогчийг хамгаалах уу?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн  хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авлаа. Ингээд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Хорих байгууллагад ял эдэлж байгаа Амгаланбаатар, Содномдаржаа гэж хүмүүс бий. УИХ-ын гишүүд нь ОУПХ-ны хурал дээр очоод тэдгээр хүмүүсийн амийг хорлох гээд байна гээд явж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бол Хууль зүйн яамны харьяа байгууллага. Энэ байгууллагад ийм үйлдэл гарсныг хэн хариуцах вэ? Үүнийг ШШГЕГ, ХЗДХЯ хариуцах ёстой. Гэтэл энэ нь ОУПХ-ны хурал дээр яригдаад явж байгааг би гайхаж байна.

Эрүүдэн шүүсэн асуудал дээр эдгээр хүмүүс чинь гэрч, хохирогч биш биз дээ. Гэтэл ШШГЕГ-ын эмнэлэгт тарвалзаад, сайд нь ирж эргэж тойроод хажуудаа байгаа хүмүүсийг дэглээд байна гэж гомдол мэдүүлээд байна. 

Энэ хуулийг баталснаар тэр хүмүүс үнэхээр гэрч, хохирогч юм бол тэднийг хамгаалах өрөөг хаана гаргах юм бэ? Олон сар эмнэлэгт хэвтээд байгаа хүмүүст яагаад тусгайлан хандаж байна вэ? Амийг нь хэн хорлох гээд байгаа юм бэ? 

Энэ хуулийг гаргаж байгаа нь хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах гэж байна уу? эсвэл гэрч хохирогч нь тодорхойгүй хүмүүсийг дэргэдээ байлгах гээд байгаа оролдлого уу?"