2019.10.18
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авлаа. Ингээд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.