2019.10.04

Л.Болд: ШИНЭ намын УИХ дахь төлөөлөл хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

"ШИНЭ намын УИХ дахь төлөөлөл анхнаасаа энэ хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Яагаад гэхээр, өнөөдөр бид Үнсдэн хуулийн өөрчлөлтийг хэрэгтэй өөрчлөлт болгон гаргая гэвэл гаргах чиглэл рүү ажиллах ёстой. Ерөнхийлөгч хориг тавихдаа хууль яриад байгаа юм. Хууль ярьж байхад бид намын бодлого ярьж эсэргүүцэх осолтой. Яг дордуулсан 7 өөрчлөлтийн замаар явж байна.

МАН-ынхны хувьд яаж ийгээд өөрчлөлт оруулаад батлах гээд байна. Үүний цаана Монголын ард түмэн итгэхгүй. Өөрчлөлт хийгдэж байгаа хэлбэрийг ард түмэн гэмт хэрэг гэж харна. Тиймээс хоригийг авахаас өөр арга байхгүй. Хүлээн аваад эцсийн шатны зөвшилцөлөө хийгээд оролцох ёстой Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын төлөөлөл болон гол намын төлөөлөл энд суугаад гарцаа олох ёстой. Энэ бол ард түмний язгуур эрх ашгийн асуудал юм. Ийм бололцоо байна уу? Бид ямар хүүхэд шиг тоглож, эрхэлж наадаж байгаа биш. Бид Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Тиймээс энэ өөрчлөлт ард нийтэд сайн зүйл авчирах нь гэсэн итгэл найдварыг авчрах ёстой юм.

Дордуулсан 7 өөрчлөлт бол эрх мэдлийг өөртөө авч үлдэх гэсэн оролдлого байсан. Үүнд нь ард түмэн хариуг нь өгч чадсан. Гэсэн ч одоо бий болсон завхралын эхлэлийг эдгээр өөрчлөлтүүд бий болгосон. УИХ-ын ирц, давхар дээл гэх мэт. Тиймээс ард түмнийхээ төлөө сонгогдоод сууж байгаа гишүүд энийг маш сайн ухамсарлаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой."