Монгол Улс агаарын ачаа тээврийн хөлөгтэй боллоо
2019.07.22

Монгол Улс агаарын ачаа тээврийн хөлөгтэй боллоо

Өнөөдөр Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, ачаа тээврийн анхны Боинг 737-300 маягийн агаарын хөлөг Чингис Хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.

“Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын онгоц гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын ачаа, тээвэр хурдацтай өсөн нэмэгдэж,  2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн бол тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. 2018 онд тээвэрлэсэн ачааны 99 хувийг олон улсын , 1 хувийг орон нутгийн ачаа тээвэрлэлт эзэлж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дээрх үйл явдлын үеэр хэлсэн үгэндээ,

Монголчууд энэ онд өөрсдийн гараар төмөр замаа барьж, шинэ хурдны авто зам болон Олон улсын нисэх буудлын барилга байгууламжаа хүлээн авч, Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замуудын их засвар шинэчлэлтийн ажлууд эрчимтэй явагдаж байгааг дурдаад энэ нь зам, тээврийн салбарт төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой бүтээн байгуулалтууд болохыг онцоллоо.  Түүнчлэн агаарын тээврийн салбарынхан парк шинэчлэл хийж, Аэро Монголиа компани өчигдөрхөн Embraer ERJ-145LR агаарын хөлгөө угтан авсан бол Монголиан Эйрвэйс Карго компани өнөөдөр ачаа тээврийн анхны хөлөг онгоцоо хүлээн авч байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, Чэжү арлын шинэхэн жимсийг өдөрт нь хүлээн авах боломжтой болж байгаа нь хүнсний эрүүл ахуй, чанарын асуудал ихээр хөндөгдөж буй өнөө үед томоохон дэвшил юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монголиан Эйрвэйс карго ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонг-Конг, БНСУ-ын Сөүл хот гэсэн чиглэлүүд тээвэрлэлт хийхээр төлөвлөж байна.