Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойн мэндчилгээ
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойн баярыг тохиолдуулан нисэхийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
Иргэний Нисэхийн салбар түүхэн хөгжлийн энэ хугацаанд эх орноо батлан хамгаалах энх цагийн бүтээн байгуулалтад оролцож, орчин үеийн техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн, дэлхийн нисэхийн салбарын бүрэлдэхүүн хэсэг болж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Монгол Улс төв Азийн цээжинд орших газар зүйн байршлын давуу талаа түшиглэн, орчин үеийн техник, технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлж, аюулгүй, найдвартай агаарын навигацийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж, олон улсын дамжин өнгөрөх нислэгийн түшиц газар болсноор манай агаарын зайгаар дамжих хөлгийн тоо жилээс жилд өсч байна.
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т зам, тээврийн салбарыг хөгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдаж, нислэгийн сүлжээг өргөтгөх, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, худалдааг дэмжих, тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг шинэ менежментээр зохион байгуулж, бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгох зорилт тавин ажиллаж байна.
Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд иргэний нисэхийн салбарт ажиллаж буй төр, хувийн хэвшлийн 3700 гаруй ажилтан таны оролцоо, дэмжлэг, санал санаачилга, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэе.
Нисэх хүчин үүсч хөгжсөн ойн энэ баярт өдөр иргэний нисэхийн салбарын нийт хамт олон та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсээд,
Тэнгэр нь цэлмэг
Буулт нь зөөлөн байх болтугай хэмээн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН
ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН
2019 оны 5 дугаар сарын 24
Улаанбаатар хот