ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Z ҮЕИЙНХЭН”-тэй уулзаж ирээдүйн хөгжлийн төсөөллийн талаар ярилцав
Ерөнхий Сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.
Өнөөдөр сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн хамт “АЛСЫН ХАРАА-25 “Z” ҮЕИЙНХЭН” сэдвээр Монголын ирээдүйн иргэд болох өсвөр үе, залуусын төлөөлөл 600 гаруй хүүхэдтэй уулзав. Монгол улсын хөгжлийн 25 жилийн дүгнэлт, ирээдүйн 25 жилийн төсөөллийг хөндсөн энэхүү чөлөөт уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.
“Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь техник, технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг бөгөөд сэтгэлгээний хувьд глобал шинжтэй байдаг аж. Мөн “Z” үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлжээ.
Уулзалт хэлэлцүүлгийн онцлог нь програмчлал, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, мэдээллийн технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах явдал юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, үүнд Монгол Улсын оролцоо ямар байх талаарх төсөөлөл болон сонирхолтой тоо баримт, мэдээллийг оролцогч хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь тэдний сонирхлыг багагүй татсан. Тэрбээр “Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох энэ чухал үйл явцад “Z” үеийнхнийг оролцуулахгүйгээр бодлого боловсруулвал том алдаа болно. Та нар 2045 онд гэхэд 40 настнууд байх учраас тухайн нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг байна гэсэн үг. Тэгэхээр 2045 он хүртэлх нийгэм, эдийн засгийн бодлогыг та нараас өнөөдрийн төр, засаг заавал асуух ёстой. Тийм ч учраас өнөөдөр Засгийн газар “Z” үеийнхэнд дэмжлэг өгөх гэж биш, харин та нараас дэмжлэг авах гэж уулзаж байна.” хэмээн онцолсон.
Оролцогч “Z” үеийнхний төлөөлөл болсон хүүхэд багачууд ч сайд Л.Оюун-Эрдэнээс сонирхсон асуултадаа хариулт авч, томчуудын анзаардаггүй олон санал, санаачилгыг хэлсэн юм.
Тэдний хувьд “Z” үеийнхэн нийгмийг авч явах тэр үед ажилчин анги бус тэднийг орлох технологийн дэвшлүүд гарч ирнэ, мөн аж үйлдвэрийн 4-р хувьсгал төгсч дараагийн 5,6-р хувьсгал эхэлсэн байх учраас үүнд одооноос бэлдэх шаардлагатай, өсвөр насны хүүхдүүд дунд хээл хахуулиар ямар ч асуудлыг шийдвэрлэж болдог гэсэн буруу жишиг газар авч байгаад төр засаг анхаарал хандуулах, гадаадад сурахаар яваад тэндээ үлдэж амьдарна гэдэг хандлага ихсэж байгаа учраас 25 жилийн дараа гэхэд өнөөдрийнх шиг АНУ-руу монголчууд хошуурах биш, харин АНУ-аас Монголыг зорьж ирж залуус сурч, боловсрол эзэмшдэг болгох хэмжээнд хөгжлийн бодлого боловсруулах, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, “Z” үеийнхний мэргэжил сонголтонд төр засаг бодитой анхаарах, цагийн ажлыг нэмэгдүүлж, залуучуудыг хамруулдаг болгох, жил бүр хавтасыг нь өөрчлөх байдлаар сурах бичиг хэвлэж үргүй зардал гаргадгийг болиулах, “Хүүхдийн” гэсэн бүхэн өнөөдөр төлбөртэй байгааг өөрчлөх, дэлхийд танигдсан APPLE, SAMSUNG шиг Монгол брэндийг одооноос бий болгомоор байна гэх зэрэг санал, санаачилга гаргаж, нийгмийн идэвхитэй байхад бусдыгаа уриалах байдлаар нэлээд идэвхитэй оролцов.
Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Z” үеийнхэн уулзалтад ингэж чөлөөтэй, нээлттэй хандаж, байр сууриа илэрхийлж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд 2045 оны Монгол Улс ийм залуучуудаар удирдуулах учраас санаа зовохгүй байна. “Z” үеийн хүүхэд, залуус маань эх хэлээрээ зөв ярьж, бичдэг байх, баатарлаг өвөг дээдсийнхээ бүтээж үлдээсэн эх түүхээ судлах, Нүүдэлчдийн үр удам, Монгол хүн гэдгээ ямагт мартахгүй байх гэдэг 3 зүйлийг байнга санаж яваарай. Англи хэл сурах, технологи нэвтрүүлэх, их, дээд боловсрол эзэмших гээд бусдыг нь бол “Z” үеийнхэн надаар, төр засгаар хэлүүлэлтгүй хийж чадна.” хэмээн онцлон захив.