2019.06.06

О.Баасанхүү: Цэц үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл бүхий өргөдлөөр маргаан үүсгэх ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаан 10цаг 20 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллийг танилцуулав.

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Үндсэн хуулийн цэц дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар  зөвлөлдөх санал асуулгатай холбоотой гомдол гаргасан байна. Тавдугаар сарын 20-ны үеэр хэрэг маргаан үүсгэсэн байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулах үеэр 1500 хүнийг 21 аймгаас түүврийн аргаар авчирч хийчхээд гарсан төслөө 21 аймгийн ярьсан гээд одоо УИХ-д өргөн барих гэж байгаа энэ үед чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна.

Энэ хуулийн төслийг нь хэлэлцэх гэтэл Үндсэн хуулийн цэц дээр  анхны зөвлөлдөх санал асуулга Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал яах уу. Ер нь Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг гаргавал яах юм бэ.

Үүнийг Дэгийн тухай хуульдаа зохицуулсан уу.  Манайх өнөөдөр Үндсэн хуулийн цэцгүй болсон. Яагаад гэвэл  Цэц нь өргөдлөөр маргаан үүсгэдэг болсон. Уг нь бол өргөдлөөр бус Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл бүхий өргөдлөөр маргаан үүсгэх ёстой. үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэж нөхөн сонгуулиа ч хийж чадахгүй байгаа ийм үед дэгийн хуулийг хэлэлцэх ач холбогдол байгаа юм уу.

Хоёрдугаарт, энэ хуулиар УИХ-ын гишүүн босож үг хэлэх заалтаа хассан уу? Үүнийг хасахгүй бол хэцүү. МАН-ын бөхчүүд, хүнд гарууд олонтой. Ганц микрофоныг тэврээд хэвтчихвэл  мань мэт шиг хүмүүс нь  түлхэж чадахгүй үг хэлэх эрхээ алдана шүү дээ. Бөөн ноцолдоон болно байх. Дэгийн хуулиа мөрдөхгүй бол хариуцлагыг нь тусгасан уу?