ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно
2019.05.02

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 5-р сарын 27-28-нд болно.

Монгол Улсын парламент олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

Энэ сарын сүүлчээр болох чуулган гишүүн орнуудын оролцоо, хэлэлцэх асуудлын цар хүрээний хувьд томоохонд тооцогдох бөгөөд зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн орлогч даргаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийг өнөөдөр хуралдуулж, чуулганы бэлтгэл ажилтай танилцан, чуулганаар хэлэлцэх асуудал, түүнд Монгол Улсын парламентын оролцоог хангах талаар үүрэг даалгавар өглөө.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орноос 150 орчим төлөөлөгч оролцоно гэж тооцож байгаа юм.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамж зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг 2016 онд баталсан бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилт ямар байгааг дүгнэх, танилцуулах, бусад улс орнуудтай жишин харьцуулах боломж гарч байгааг УИХ-ы дарга Г.Занданшатар онцлоод, салбар хуралдаануудад боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбар хариуцсан Сайд нар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ОУПХ-ны ерөнхийлөгчөөр Мексик Улсын иргэн, хатагтай Габриэла Куэвас Баррон 2017 оны 10-р сараас сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр Улаанбаатарт болох чуулганд ирж оролцох юм.