2019.04.26
Хүүхдийн эрхийг хүндэтгэж, ажлаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг барилгын салбарынханд уриаллаа
Монголын барилгын Үндэсний ассоциац 10 жилийнхээ ойн хүрээнд “Монголын барилгын хөгжлийн” форумыг зохион байгууллаа.
“Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан панелистаар оролцож, хүүхдийн эрхийг хүндэтгэж, ажлаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг барилгын салбарынханд уриалав.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгож, гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2018 онд 263 төсөл арга хэмжээнд 262.8 тэрбум төгрөгийг баталж өгсөн боловч өнгөрөгч оны гүйцэтгэл жар гаруй хувьтай байсан. 2019 онд 603 төсөл, арга хэмжээнд 611.3 тэрбум төгрөгийг сайдын багцад суулгаж өгсөн.
БСШУС-ын салбарт ажил аваад хугацаанд нь, чанартай гүйцэтгэдэг компаниуд олон байгаа хэдий ч харамсалтай нь зарим компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж сургууль гурван ээлжид шилжих, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж, багшийн ажлын ачаалал ихсэж байна.
Мөн улсын хэмжээний нийт сургуулийн 35 хувь буюу 268 нь модон жорлонтой байна. Түүнчлэн 552 сурагчдын дотуур байр байгаагаас 246 нь модон жорлонтой. Эрсдэлтэй энэ байдлыг халахгүйгээр барилгын салбарын инновац, дэвшилтэт технологийн талаар ярих аргагүй юм. Тиймээс орчин үеийн ариун цэврийн байгууламж бүхий сургууль, цэцэрлэг бий болгоход үлгэрлэж, манлайлж ажиллахыг бүтээн байгуулагчдаас хүслээ.
Монголын барилгын үндэсний ассоциаци тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын хувьд эдгээр асуудалд анхаарч, БСШУСЯ-тай хамтран ажиллахаа илэрхийллээ.