Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлж захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахгүй байх, харилцааг тухайлсан хуулиар зохицуулах, мөн Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлдэггүй байх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.