С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
2019.04.09

С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав.  Тэрбээр танилцуулгадаа, Түр хороо байгуулах асуудал жил гаруй саатаж, цаг хугацаа шаардсан, нэлээд хэдэн чуулган дамжсан. УИХ өмнө нь Хууль  зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороон дээр хоёр ч ажлын хэсэг байгуулан ажилласан ч  хууль эрх зүйн хязгаарлалтад орж, үйл ажиллагаа нь мухардалд орсон юм.

Иймд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу энэ асуудлаар Түр хороо байгуулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрээд энэ асуудлыг өргөн барьсан. УИХ-аар энэ асуудлыг яаралтай хэлэлцэж,  санал, дүгнэлтээ гаргах цаг нь болсон. С.Зоригийн хэргийн асуудлаар Олон улсын парламентын холбооны 50 гаруй тогтоол  болон ойрын өдрүүдэд болж байгаа ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гарч байгааг танилцуулгадаа онцлов.

    Тэрбээр, энэ асуудал С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, нөгөө талд нь энэ  гэмт хэргийг бусдад тохох гэж эрүүдэн шүүсэн бас нэгэн гэмт хэрэг болсныг онцлохын зэрэгцээ Түр хороо байгуулаад хууль, прокурорын байгууллага, бүх гэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг дуудан ирүүлж, парламентад хариулт өгч, хуулийн өмнө хариуцлага үүрэх цаг болсон гэж  байлаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. 

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.