С.Мөнхчулуун: Нам бус болсон ч "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана
2019.02.19

С.Мөнхчулуун: Нам бус болсон ч "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана

Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-нд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдааны тогтоолоор С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэр гаргасан байна.

Энэ тухайд С.Мөнхчулуун

"Өчигдөр МАН-ын хяналтын хороо хуралдаж намайг намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргажээ. Энэ нам миний өвөг дээдсийн хүчээ өргөж, зарим нь амиа хүртэл өгсөн нам юм.

Манай удмын Л.Намсрай 1938 онд “Герман оюутнуудын хэрэг” гэгчид холбогдон хилсээр цаазлагдсан, Л.Санжаажамц тэргүүний сэхээтэн, тайж гаралтайгаасаа болж, намын гуравдугаар цэвэрлэгээнд өртөн, намаасаа хөөгдөж, албан тушаал буурч, хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж хоёулаа сүүлд цагаатгагдсан байдаг.

Гэвч манайхан намдаа гомдож буруу санаж явсангүй. Миний өвөө Мижидийн Агь 1940 оны намын гишүүн, аав маань 1984 оны намын гишүүн байж хүч хөдөлмөрөө на, төрдөө зориулж явсан юм.

Миний амьдралын талаас илүү нь энэ намтай холбоотой.Би 1998 онд тухайн үеийн МАХН-д гишүүнээр элсэж,2002 онд Европын холбоон дахь МАСЗХ-г үүсгэн байгуулалцаж,2008 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга,2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор шагнагдаж явлаа.

Миний хувьд МАН-ын хяналтын хорооны гаргасан шийдвэрийг илт шударга бус, намын гишүүдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа.

Шударга бус, ялгаварлан гадуурхсан гэдгийн ганцхан жишээг дурьдахад, надтай өрсөлдөж цөөнхийн санал авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан жил гаруйхны өмнө намын бодлогыг сөрж, заалнаас дэвшин НИТХ-ын дарга болж байлаа. Гэтэл С.Амарсайхан жилийн дараа намын бодлогоор НЗД-д нэр дэвшин орж ирдэг, харин миний адил жирийн гишүүд бол намаас хөөгддөг байж болохгүй.

Гэвч миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй, алдаа завхарал арилах цаг ирнэ гэдэгт итгэж байна. Хэдий нам бус болсон ч иргэд сонгогчдодоо амлаж гарч ирсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно" гэжээ.