2019.02.01

О.Баасанхүү: Хууль бусаар халагдсан гээд шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ?

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Тогтоолын төслийг харахаар Төрийн албан хаагчдаа хамгаалж байгаа юм шиг байна. Шүүхийн шийдвэр гарсан ч эрх нь зөрчигдсөн тухай ЗГХЭГ-ын дарга байх үед танд мэдээлэл өгч байсан.

Нэг сайд ирээд л ажлаас нь халчихдаг. Шүүхээр яваад шийдвэр нь гарсан хэдий ч ажилд нь томилдоггүй байдлаас болж олон албан хаагчид хохирч байгаа. Жишээлбэл шүүхийн шийдвэрээр Эрүүл мэнд, Боловсрол, Уул уурхайн яаманд томилогдоогүй хүмүүс олон бий. Энэ учир шалтгаан юу вэ? Хүнийг залхаан цээрлүүлж байна.”

Түүний асуултанд төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.