43 гишүүний саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөллөө
2019.01.29

43 гишүүний саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөллөө

Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

Асуудлыг өнөө өглөө ТББХ-ны хурлаар хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар нууц санал хураалт явуулсан бөгөөд 17 гишүүн оролцож, 1 гишүүн хүчингүй санал өгч, 8 гишүүн дэмжиж, 8 гишүүн дэмжээгүй гэж ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн хэлсэн байр суурийг эндээс хүлээн авна уу.

Хуулийн дагуу нууц санал хураалт явуулах ёстой байдаг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хураалтыг нууцаар явуулахдаа цахимаар явуулах санал гаргаж дэмжлэг авсан. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь буюу 43 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах нь зүйтэй гэж үзлээ.