Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай бол өнөөдрийн чуулганыг бойкотолно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын даргын өрөөний үүдэнд мэдээлэл хийх гэж байна.
УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбогдуулан нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьж байгаа билээ. Дээрх таван гишүүн яг одоо тогтоолын төслөө өргөн барихаар УИХ-ын даргын өрөөнд ороод байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Нэр бүхий 39 гишүүн тогтоолын төслийг өргөн барилаа. З.Нарантуяа гишүүн орон нутагт ажиллаж байгаа. Үдээс хойш ирээд өөрөө албан бичгээ өгнө. Ингээд 40 гишүүн болж байна.
Сая УИХ-ын даргатай уулзахад ирэх Мягмар гараг хүртэл хойшлуулах шаардлагатай гэж байна. Уг нь нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр хуулийг баталсан. Одоо Чуулганы хуралдаанд ороод бид горимын санал гаргана. Заавал Мягмар гарагийг хүлээх шаардлагагүй. Шаардлагатай бол Баасан гарагийн чуулганыг бойкотолно" гээд УИХ-ын чуулганы танхим руу орлоо.
УИХ-ын чуулганы хуралдаанаас гарч ирээд дахин мэдээлэл хийхээ Л.Оюун-Эрдэнэ хэллээ.