Гишүүд намрын чуулганы хугацааг сунгахыг дэмжиж байна
2019.01.25

Гишүүд намрын чуулганы хугацааг сунгахыг дэмжиж байна

УИХ-ын намрын чуулган хоёр сар орчим хугацаанд гацаж, хуралдаж чадаагүй.  Тиймээс Ерөнхийлөгч чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм. Харин чуулганы хугацааг сунгаж хуралдуулах саналыг УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авч байгаа талаар байр суурийг нь сонирхлоо.

С.Эрдэнэ: Чуулган тогтсон хугацаандаа л хуралдах ёстой

-Намрын чуулган бараг л хуралдсангүй. Чуулганы хугацаанд өөрсдийгөө шударга, эх орны төлөө тэмцэж байгаа гэсэн нэр зүүсэн хүмүүс төрийн ажлыг гацаасан. Эрх барьж байгаа МАН дотоод тэмцлээ зогсоо, төрийн ажлыг битгий гацаа гэдэг шаардлагыг АН-ынхан удаа дараа тавьсан. Нэг намын дотоод зодооноос болж төрийн ажил гацаж байгааг бид яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ чинь хууль журамтай. Тэр битгий хэл УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы гуравны нэгд суугаагүй бол эргүүлэн татах үндэслэл болно гэсэн заалт оруулсан. Тийм байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр намрын чуулганыг олон гишүүн тасаллаа. Хуулийн хүрээнд ажлаа хийгээд, үүргээ гүйцэтгээд явж байсан гишүүд нь хохироод. Улс төр, популизм хийсэн нь хожих юм уу. Чуулганы хугацааг сунгаж хуралдуулах тухай ярьж байгаа нэг биш гишүүний яриаг сонссон. Ерөнхийлөгчөөс бичиг ирсэн талаар нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан чуулган дэгийнхээ хүрээнд, тогтсон хугацаандаа л хуралдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн нь хүссэн үедээ тасалдаг. Хүссэн үедээ хугацааг нь сунгаж байдаг зүйл биш.

Л.Энх-Амгалан:  Чуулганы хугацааг сунгах шаардлагатай

-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал ирүүлсэн байна. Чуулганы хугацааг сунгах, ээлжит бус чуулган зарлах эрх зөвхөн УИХ-ын даргад л байгаа. Гэхдээ чуулганы хугацааг сунгах, ээлжит бус чуулган зарлах эсэхийг дандаа УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар шийдэж ирсэн. Намрын чуулганы нэгдсэн хуралдаан нийтдээ долоон удаа хойшилсон. Гэхдээ Үндсэн хуульд УИХ-ын тухайн улирлын ээлжит чуулган 50-иас доошгүй удаа хуралдсан байх ёстой гэсэн заалт байдаг. Үүнд чуулган болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааныг оролцуулж хэлж байгаа гэж ойлгож байна. Хэдийгээр долоон удаа чуулганы нэгдсэн хуралдаан  хойшилсон ч байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдаж байсан. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан гэдгийг хэлье. Ер нь бол УИХ-ын Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон байна. Сайн дураараа, тааллаараа чуулганд суудаг. Байнгын хорооны хуралдаа суудаггүй, тасалдаг. Тийм байгаа учраас Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Дэгийн тухай хууль зөрчсөн тохиолдол ч цөөнгүй гарлаа. Хөдөө аж ахуйн сайдыг хугацаанаас нь хойш томилсон. Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Ц.Цогзолмаа сайдыг хугацаанд нь чөлөөлчихсөн. Харин ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг өдий хүртэл чөлөөлөхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс би чуулганы хугацааг сунгах шаардлагатай гэж үзэж байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх ёстой гол асуудлуудыг хэлэлцсэнгүй шүү дээ.  Асуудлаа ч шийдсэнгүй, сайдаа ч чөлөөлсөнгүй. Тиймээс наад зах нь 14 хоног сунгаж хуралдах шийдвэрийг гаргаж, сонгуулийн хуулиа хэлэлцэх л ёстой.

Ё.Баатарбилэг: Хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл байгаа бол сунгасан нь зөв

-Хуулиараа чуулган тасалдсан гэж үзэхгүй юм билээ. Яагаад гэвэл ажлын хэсэг, дэд хороо, байнгын хорооны хуралдаан хэвийн үргэлжилсэн. УИХ-ын чуулган нэгдсэн чуулган, байнгын хорооны болон ажлын хэсгийн хуралдаанаас бүрдэнэ. Нэгдсэн чуулган хуралдаагүйг УИХ-ын чуулган тасалдсангүй гэж үзэхгүй. УИХ-ын бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн гэж үзнэ. Яагаад гэвэл бусад хуралдаанууд болж байсан учраас. Үнэхээр яаралтай оруулж ирэх, цаг хугацаа нь тулчихсан хуулийн төсөл байна уу. Маргааш /өнөөдөр/ УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ярих байх. Өнгөрсөн долоо хоногийн хурлаар яриагүй. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн санал ирсэн юм байна. Маргааш /өнөөдөр/ даргын зөвлөлийн хурлаар яриад зайлшгүй шаардлагатай гэвэл үргэлжлэх байх. Би ч гэсэн ийм л байр суурьтай байгаа. Хэрвээ зайлшгүй шаардлагатай хэлэлцэх хуулийн төсөл байхгүй гэвэл завсарладаг хугацаандаа л завсарлах байх.

Н.Амарзаяа: Чуулганыг сунгаж хуралдуулах ёстой

-Намрын чуулганы хугацааг сунгах шаардлагатай. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг хавар тогтоочихсон. Тэгсэн атлаа хэлэлцэх ёстой хуулиудаа бараг хэлэлцээгүй. Тэгэхээр намрын чуулган өмнөө тавьсан зорилтоо биелүүлээгүй гэсэн үг. Мөн хоёр сар орчим УИХ-ын чуулганыг гацаасан. Тиймээс зайлшгүй цаг гаргаж хуулиудаа хэлэлцэх ёстой. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал. Дээрээс нь Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хууль гээд нийгэмд байгаа хүндрэлтэй асуудлуудыг зохицуулах, өөрчлөхөд чиглэсэн хуулиудаа хэлэлцэж, батлах хэрэгтэй. 2020 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой байдаг. Ямар тогтолцоогоор, ямархуу хууль эрх зүйн орчны хүрээнд сонгууль хийхээ бид энэ оны зургадугаар сараас өмнө тодорхой болгох шаардлагатай байна. Тийм учраас зайлшгүй сунгаж, үргэлжлүүлэн хуралдах нь зүйтэй.  

Х.Баделхан:  Хэлэлцэх асуудлаа дуусаагүй бол сунгах нь зөв

-Хаврын чуулганаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Баталсан асуудлуудаа хэлэлцээд дуусгах ёстой. Хэлэлцэж дуусаагүй бол чуулганыг сунгах л хэрэгтэй.  

А.Сүхбат: Цагийн юм цагтаа байсан нь дээр

-Цагийн юм цагтаа байвал дээр. Бид чинь ард түмнийхээ итгэлийг дааж сонгогдсон гишүүд. Тэр дундаа хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд чуулганы завсарлагаагаар тойрог руу явж, сонгогчидтойгоор уулзах зайлшгүй шаардлага гардаг.  Тийм болохоор чуулганы хугацааг сунгахыг дэмжихгүй байгаа. Хэрвээ сунгахаар болбол хэцүүхэн л байна.  

М.Оюунчимэг:  Хуралдааны хугацааг сунгах ёстой

-Чуулганы хуралдааныг үргэлж­лүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Жишээлбэл, Жижиг, дунд үйлдвэрлэл,  үйлчилгээний тухай хуулийн эхний хэлэлцүүлэг явж байгаа шүү дээ. Энэ хуулиа намрын чуулганаараа баталчихмаар байна. Нэн шаардлагатай хууль гэдэг нь харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж чадалгүй нэлээд удлаа. Шинэчлэлүүдээ хийгээд, ажлаа цааш нь явуулмаар байна. Гэх мэт ярих асуудал их байгаа. Утааныхаа асуудлыг ч эртхэн хэлэлцэж, шийдэх ёстой.  Тиймээс үргэлжлүүлж хуралдах нь зөв