Б.Мэргэн: Хуульд ойлгомжтой биччихсэн зүйлд Улсын Дээд шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлагагүй
2018.12.04

Б.Мэргэн: Хуульд ойлгомжтой биччихсэн зүйлд Улсын Дээд шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлагагүй

Өмгөөллийн Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа

-УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж Ардчилсан намын бүлэг тараагүй тухай мэдээлэл хийлээ. Өчигдөрхөн энэ асуудлаар бүлгээс гарах өргөдлөө өгсөн Л.Болд гишүүн огт өөр байр суурь илэрхийлсэн. Хуульчийн хувьд, хуульд яг юу гэж заасан байдаг юм бол?

Улсын Их Хурлын тухай хуульд гишүүн өөрөө хүсвэл бүлгээс гарч болохоор зохицуулсан. Л.Болд гишүүний хувьд ч тэр заалтыг үндэслэл болгон бүлгээсээ гарах хүсэлт өгсөн байна лээ. Харин бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд гишүүд олуулаа зэрэг бүлгээс гарч болно гэж заасан. Тийм жишиг 2004-2008 оны парламентын үед гарч байсан. Тэгэхээр нэг гишүүн дангаараа бүлгээс гарч болохгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүлэг тарсан эсэх тухайд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох 4 үндэслэлийг хуульд заасан байдаг. Тодруулбал, нам нь татан буугдсан, орон гарсан гишүүний оронд нөхөн сонгогдсон гишүүн нь тухайн намынх биш байснаас үүдэн нам нь бүлэг байгуулах доод хязгаар буюу 8 гишүүнтэй болж чадаагүй бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан болон одоогийн тохиолдол шиг нэг гишүүн нь бүлгээр гарснаар тухайн нам 7 гишүүнтэй болсон бол бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж болно.

-Бүлгийн дарга нь гишүүнийхээ бүлгээс гарч буй өргөдлийг УИХ-ын даргад өргөн барихгүй гэж мэдэгдсэн. Ийм процесс нь өөрөө бүлэг тарахгүй байх боломжийг олгочихож байгаа юм биш үү?

Бүлгийн даргад аль нэг гишүүнийхээ бүлгээс гарч байгаа шийдвэрийг УИХ-ын даргад мэдэгдэх эсэхийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Харин УИХ-ын даргад мэдэгдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эрх биш үүрэг нь. Улмаар УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд мэдэгдэнэ. Мэдэгдсэнтэй холбоотой ямар нэг хэлэлцүүлэг хийхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр АН-ын бүлгийн эрх дуусгавар болсон учраас тодорхой нэг асуудлаар завсарлага авах зэргээр бүлэгт олгогддог эрхийг эдлэх боломжгүй болж байгаа юм.

-Бүлэгтээ О.Баасанхүү, С.Жавхлан зэрэг сул гишүүдийг нэмээд бүлгийн тоог наймдаа хүргэх боломж хууль зүйн хувьд бий юу?

Боломжгүй. Бүлгийг анхлан байгуулахад тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд ордог. Ардчилсан намын бүлэг байгуулагдахад сонгуульд тус намаас нэр дэвшсэн гишүүд л орох эрхтэй гэсэн үг. Харин бие дааж сонгогдсон гишүүд бүлэг байгуулагдсаны дараа нэмэгдэж орж болно. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Ардчилсан нам бүлэггүй болчихоор өөр намын О.Баасанхүү, эсвэл бие даагч С.Жавхлан нарыг нэмж найман гишүүн бүрдүүлэн бүлэг байгуулах боломжгүй гэсэн үг.

-Цаашид ямар үр дагавар үүсэх бол, Улсын дээд шүүхийн тайлбарыг хүлээх ёстой юу?

АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат бүлгийн гишүүн нь гарсан гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн эсэхээс үл хамааран бүлгийн үйл ажиллагаа зогссоныг дээр дурдсан. Тэгэхээр нэгдсэн хуралдаан болдгоороо болно. Харин Ардчилсан нам бүлэгтэй гэж үзэж, ямарваа нэг асуудлаар санал гаргасан тохиолдолд түүнийг нь хэлэлцэхгүй байх хууль зүйн үндэслэл бүрдчихлээ. Улсын Их Хурлын тухай хуульд маш ойлгомжтой биччихсэн байгаа зүйл дээр Улсын Дээд Шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлага байхгүй л дээ.