Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч”-ээ нэгтгэлээ
2018.10.05

Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч”-ээ нэгтгэлээ

Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэж, намын шинэчлэлээ үргэлжлүүлж байна.

Намын Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар болж, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нарын хүмүүс оролцов. Нээлтийн үеэр нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан бөгөөд АЭХ-ны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Ц.Одонтунгалаг, ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн аймаг, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүдийг сонгох юм.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “АЭХ тэргүүнээ сонгохдоо үндэсний хэмжээнд бүх эмэгтэй гишүүдийн оролцоог хангаж, ажиллана. Тиймээс ч нэлээн өрсөлдөөнтэй сонгууль болно гэж харж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүд илүү оролцоотой, санаачлагатай, бүтээлч ажиллаж чаддагаа ямагт харуулдаг.

Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт ганц эмэгтэй гишүүн байгаа нь З.Нарантуяа. Гэхдээ З.Нарантуяа гишүүн ганцаараа гэлтгүй эрх баригч намын эмэгтэйчүүдээс илүү ажиллаж байгааг онцолмоор байна” гэв. АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа энэ сарын 5-нд албан ёсоор эхэлж, ирэх сарын 5-нд дуусна.

 З.Нарантуяа: Энэ удаагийн сунгаа бол түүхэн үйл явдал

 /УИХ-ын гишүүн/

-Ардчилсан нам дэргэдээ эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагатай болоод 20 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Монголын улстөрд чадвартай, мэдлэгтэй, боловсролтой эмэгтэйчүүдийг бэлтгэсэн улстөрийн том институци бол яах аргагүй “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”.

Холбоо маань шинэ, залуу улстөрч эмэгтэйчүүдийг бэлтгэх дараагийн их аянаа эхлүүлээд байна. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сунгаа бол түүхэн үйл явдал. Яагаад түүхэн арга хэмжээ гэж онцолж байна вэ гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн оролцох сонгууль биш монголын ардчиллыг бэхжүүлэх үйлсэд зүтгэх улстөрч эмэгтэйчүүдийг бэлтгэх учраас онцгой ач холбогдолтой. АЭХ-ны тэргүүнээр хэн сонгогдох, манлайлж ажиллаж чадах уу гэдэг хүлээлт нийгэмд байна.

Тиймээс ч хамгийн шилдэг эмэгтэйчүүдээ сонгуульд нэр дэвшүүлсэн. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, төрийн инстутицийг ил тод, тунгалаг байх, цаашилбал улстөрийн тогтолцоон дахь эрүүл үзэгдлийг бий болгоход эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд байх талаар нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ нь ардчилалд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

 С.Одонтуяа:Монголын төр өрх толгойлсон “эцэг” шиг байна

 /АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч/

-Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийн нээлт боллоо. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа. Ардчилсан нам гишүүдийнхээ үгийг сонсдог, гишүүдээрээ сонголтыг нь хийлгэдэг болсон. Үүний илэрхийлэл “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль юм.

Хэдийгээр би “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүний үүрэгт ажлыг аваад хоёр жил болж байгаа ч дүрмийн дагуу нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа. Бид “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-г хүчирхэг, хөгжлийн институци болгохын төлөө ажиллаж байна. Монголын манлайлагч бүсгүйчүүд дэлхийн эмэгтэй улстөрчидтэй сэтгэлийн хат, ёсзүй, чадвар, ажлын туршлагаараа эн тэнцэхүйц байх ёстой. Тэднээс цаг үргэлж суралцах шаардлагатай.

Өнөөдөр монголын төр өрх толгойлсон “эцгийн” шинжтэй болжээ. Бүхнийг эрчүүдийн нүдээр харж ажиллаж байна. Гэтэл эмэгтэйчүүд бид өөрсдийн үзэл бодол, үнэт зүйлтэй. Үүнийгээ хамгаалахын төлөө ажиллах хэрэгтэй. Ардчилсан эмэгтэйчүүд УИХ-д байхдаа “Хүүхэд хамгааллын тухай хууль” зэрэг хамгийн чухал хуулиудыг батлуулж чадсан. Тиймээс ч бид “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэж байна. Эх хүний сэтгэлийн хүч хамгийн агуу нь гэдгийг энэ уриандаа шингээсэн юм.

Т.Пүрэвхатан: Залуусын төлөөлөл болж сонгуульд өрсөлдөж байна

 /АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч/

-Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сунгаа орон даяар явагдахад бэлэн боллоо. Миний бие залуусын төлөөлөл болж, мянга мянган залуус, эмэгтэйчүүдээ уриалж, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө, нийгмийн шударга ёсны дуу хоолой болсон ТББ бол яах аргагүй “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” өнгөрсөн хугацаанд охид, бүсгүйчүүдийг цахим халдлагаас сэргийлэх, хүүхдэд ээлтэй төсөв батлуулах зэрэг олон ажил хийсэн. Би Хан Хэнтий нутгийн Ардчилсан эмэгтэйчүүдээ тэргүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.

Ц.Цэрэндолгор: Намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг нь энэ удаагийн сонгууль

/АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч/

-Энэ удаагийн сунгаа Ардчилсан намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг юм. Ардчилсан нам гишүүдийнхээ үгийг сонсдог, бодлогын нам болохын тулд Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Үндсэн дүрмийн дагуу АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох гэж байна. Намын шинэчлэлийн хүрээнд хэн байхаас үл шалтгаалан Ардчилсан намын гишүүн эмэгтэйчүүдээс тэргүүнд өрсөлдөх эрх нь нээлттэй болсон. Энэ бол намын шинэчлэлийн хамгийн чухал үзүүлэлт.

 Ц.Одонтунгалаг: Хүчээ нэгтгэж ажиллах нь бидний зорилго

 /Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч/

-Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд нийт гишүүдээсээ тэргүүнээ сонгож байгаад энэ удаагийн сонгуулийн онцлог оршиж байна. Эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж ажиллахад түлхэц болсон сонгууль болно гэж үзэж байгаа. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа.

Сонгуулийн насны иргэдийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Нийслэлийн иргэдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Нийгмийн хандлагыг өөрчлөх, улстөрд манлайлах том хүч байна гэж үзэж байгаа. Энэ хүчийг нэгтгэж ажиллах нь бидний зорилго.