Ховд аймгийн ахмад багш нарын III зөвлөгөөн боллоо
2018.11.06

Ховд аймгийн ахмад багш нарын III зөвлөгөөн боллоо

Өнөөдөр Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийлж, туршлага, мэдээлэл солилцлоо.

Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, Боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүллээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ үеэр хэлсэн үгэндээ “Боловсролын салбарын өнөөгийн хүрсэн үр дүн, хөгжлийг ахмад багш нарынхаа оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс тэтгэвэртээ гарсан гээд ахмад багш нараа бид орхиж болохгүй.

Тэдний мэдлэг, туршлага, арга зүйн зөвлөгөө залуу үед хэрэгтэй учраас салбар яамнаас ахмад багш нартайгаа нягт хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс өнөөдөр төрөлх нутгийн маань ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйд талархалтай байна.

Ахмад багш нарынхаа гүйцэтгэж ирсэн үүргийг хүндэтгэж цаашид ч хамтран ажиллаж, тэднээсээ суралцаж мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нь энэ салбарын нэг үнэт зүйл байх ёстой гэдэг агуулгаар энэхүү зөвлөгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байна” гэлээ.

Ахмад багш нарын зөвлөгөөний үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав. Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөгөөнийг дөрвөн жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.