Ховд аймгийн багш нар “Дижитал сургууль” сургалтад хамрагдаж байна
2018.11.06

Ховд аймгийн багш нар “Дижитал сургууль” сургалтад хамрагдаж байна

Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм.

Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа явдал нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. 

 БСШУСЯ-аас энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуул хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын “Allin Technologies Pte Ltd" компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурж, зургадугаар сард албан ёсны нээлтийг Улаанбаатар хотноо хийсэн. Мөн 2018 оны 10 дугаар сард 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга нарыг Сингапур улсад туршлага судлах сургалтад хамруулсан.

Хөдөө орон нутагт хамгийн анх тус төслийг хэрэгжүүлэх аймгаар Ховд аймгийг сонгосон бөгөөд сургалтад Ховд аймгийн сум, аймгийн төвийн бага анги, цэцэрлэг, мэдээллийн технологийн нийт 69 багш хамрагдаж байна. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд хичээлийг сонирхолтой арга зүйгээр удирдах, үр дүнтэй зохион байгуулах болон мэдээллийн технологийг сургалтад ашиглах чиглэлээр багш нарыг бэлтгэх юм. Сургалтыг Сингапураас ирсэн сургагч багш нар удирдан явуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ сургалтын ач холбогдлыг бид их өндрөөр үнэлж байгаа. Учир нь сургууль хаана байрлаж байгаагаас үл хамаараад, хүүхэд хаана сурч байгаагаа үл шалтгаалаад бүх хүүхдүүдэд сургалтын чанар, хүртээмж тэгш хүрэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр алслагдсан аймаг орон нутаг, Улаанбаатар хотын тухайд захын дүүргүүдэд сургалтын чанар муу байна гэсэн судалгааны дүн гарсан.

Тийм учраас дижитал сургалтын орчин бүрдүүлэх ач холбогдол нь сургууль, багш нар хаана байгаагаас үл хамааран цахим орчноор дамжуулан сургалтыг, боловсролыг бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх анхны суурийг тавьж өгөх явдал юм.

Сингапур улстай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагийн шалтгаан нь Сингапур улс энэ сургалтынхаа чанараар дэлхийн олон улсуудаас өндөр үнэлгээ авсан байдаг. Ер нь Сингапур улс боловсролын чанараар дэлхийд тэргүүлдэг улс. Сургалтад хамрагдсанаар багш нар маань 21-р зууны дижитал эриний дэлхийн иргэнийг бэлтгэх хөрс суурийг тавина гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэхүү төслийн үр шимийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 300 сургууль, цэцэрлэг, 5000 багш, 100,000 хүүхэд хүртэнэ.