Д.Оюунхорол: Улаанбаатарын хөрөнгө оруулалтыг 90 тэрбумаар нэмсэн
УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Төсөлтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажиллаж байгаа юм. Түүнээс 2019 оны төсөвт орж буй өөрчлөлтүүдийн талаар тодрууллаа.
-Лхагва гаригт Төсвийн байнгын хороо нэлээд орой болтол хуралдсан. Хурлаар хэд хэдэн зардлыг бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Яг ямар ямар зардлыг хэдий хэмжээгээр бууруулсан бэ?
-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их наяд, зарлагыг 11 их наядаар тооцон оруулж ирснийг хэвээр нь хадгалсан. Мөн төсвийн алдагдлыг 1.9 их наяд байхаар тооцож оруулсныг ажлын хэсэг хэвээр нь дэмжсэн.
Харин дотор нь нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөгийг үлдээх, Ирээдүйн өв сандаа 550 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэж оруулж ирсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар 550 тэрбум төгрөгийг 2030 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглахыг хориглосон байдаг. Харин ажлын хэсгийн гишүүд энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйлдвэрийг барьж байгуулах санал гаргасан. Тиймээс үүнийг төсвөөс тусдаа ярилцана.
Шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт дээр хөдөө орон нутагт хүн амынх нь тоонд харьцуулаад 189 тэрбум төгрөг тусгасан байсан. Аймаг орон нутаг руу ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх нь Төсвийн тухай хуулийг зөрчинө гэж үзсэн.
Тиймээс төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг нь тодорхой бичээд хуваарилах нь зүйтэй гэж үзээд шийдвэрээ гаргасан. Энэ дагуу 76 тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн өөрсдийнхөө саналыг бичиж өгсөн. Засгийн газар 117 сургууль, 143 цэцэрлэг шинээр барих санал оруулж ирсэн бол гишүүдийн саналаар 18 сургууль, 32 цэцэрлэг 153 тэрбумаасаа барихаар тусгасан.
Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой. Төсөв дээр дутуу орж ирсэн зүйл бол хотын гишүүдийн тойрогт тавигдсан хөрөнгө оруулалт үнэхээр бага байсан.
Улаанбаатарт хотод 1.3 сая иргэнтэй. Тиймээс хотоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. 20 гаруй хүн амтай хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй байхад 1000 хүнтэй суманд сургууль, цэцэрлэг эмнэлэг, үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Энэ мэт хуваарилалт нь болохгүй байгаа зүйлүүд байсан учраас нийт хүн амынх нь тоонд нь харгалзуулж хөрөнгө оруулалтаа тавих нь зөв гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн саналыг хүлээж аваад 90 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөв дээр нэмсэн.
-Ирэх жил цалин тэтгэврийг хэдэн хувиар нэмнэ гэсэн. Төсөвт тусгагдсан цалин, тэтгэврийн нэмэгдэлд өөрчлөлт орсон уу?
-Ирэх жилийн цалин тэтгэврийн нэмэгдэлд 672.6 тэрбум, халамж, тэтгэвэр тэтгэмжид 67 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд “Цалинтай ээж”, хүүхдийн тэтгэмжийг олгоно.
“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСВИЙГ НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛГОСОН”
-Гишүүдийн зүгээс урсгал зардлыг маш их нэмэгдүүлсэн гэж шүүмжлээд байгаа?
-Тодорхой хэмжээний урсгал зардлууд оруулж ирсэн байсан. Хүүхэд хамгааллын зардлыг хоёр дахин бууруулж оруулж ирсэн байсан. Өнгөрсөн жил эмэгтэй гишүүдийн бүлэг зургаан тэрбум төгрөгт хүргэсэн байсан.
Гэтэл энэ жил 2.4 тэрбум төгрөг болгон оруулж ирсэн. Зургаан тэрбум төгрөг нь ч хүрэлцэхгүй байхад 2.4 болгон бууруулж оруулж ирснийг найман тэрбум төгрөг болгосон. Мөн 2020 онд хийх хүн ам, орон сууцны нэгдсэн тооллоготой холбоотойгоор зургаа орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Үүн дээр 1.8 тэрбум төгрөг нэмсэн. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зардалд 900 орчим сая төгрөгийн санхүүжилт тусгасан.
Сонгуулийн ерөнхий хорооны тоног төхөөрөмж солих ажилд дөрвөн тэрбум, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт таван тэрбум, жендерийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд 500 гаруй сая төгрөг, ЖДҮДС-ын төсөв дээр 47 тэрбум төгрөгийг тавьсан. Энэ зээл хүрэх ёстой хүндээ, аж ахуй нэгждээ хүрээсэй гэж бодож байна. Сүүлийн 27 жил Монгол Улсад орлого багатай иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл хүндээ хүрэхгүй байгаа гэсэн шүүмжлэл байсаар байна.
Тиймээс ЖДҮДС-аас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт дээр хяналт тавьж, харах хэрэгтэй зүйлүүд байгаа юм байна. Сүүлийн үед гарч байгаа мэдээллээс болоод ЖДҮДС-гийн санхүүжилтийг хасах шаардлагагүй гэж үзсэн. Харин хяналтыг нь чангатгаад, эзэндээ хүрэх зээлийг олгох ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьтай байна. Ядуурлыг тогтоож байгаа. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд найман тэрбум төгрөг нэмж байгаа. Төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан.
-Олон зүйл дээр хөрөнгө оруулалт, зардал нэмэгдсэн байна. Тэгэхээр төсвийн зарлага нэмэгдэх үү?
-261 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа учраас Засгийн газрын төслөөс хасах ёстой. Засгийн газар саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн. Засгийн газрын өгсөн саналаас агаар орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Индукцийн аргаар агаарын бохирдлыг бууруулах буюу гэр хорооллын айлуудын янданд тавих шүүлтүүрийг худалдаж авахад 100 орчим тэрбум төгрөг тавьсан байснаас 80 тэрбум төгрөгийг хассан.
-Хэд хэдэн улсын эмнэлгийг хувьчилна гэсэн мэдээлэл гарсан. Ямар эмнэлгийг ямар байдлаар хувьчлах вэ?
-Хоёрдугаар эмнэлгийг хувьчлах эхний алхмыг ирэх жилийн төсөвт хийсэн. Хоёрдугаар эмнэлэг улсын эмнэлгийн эмчилгээ, оношилгооны хамгийн том төвийг барьж, ирэх онд ашиглалтад оруулна.
Гадаад явж өндөр зардлаар эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлагагүй болно. Энэ төвийг ашиглалтад оруулаагүй байхад төлбөртэй эмчилгээ оношилгоо хийнэ гэдгийг бид дэмжээгүй. Тиймээс ХСҮТ, хоёрдугаар эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлээд 15.2 тэрбум төгрөгийг хэвээр нь үлдээсэн.
Ш.ЧИМЭГ