2018.10.25
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна.
Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзжээ.
Уулзалтаар талууд Эрхүү мужийн их дээд сургуулиудын Монголын их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн бэхжүүлэх талаар ярилцсан байна.
Түүнчлэн Ц.Цогзолмаа сайд Байгалийн улсын их сургуульд суралцуулахаар өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр илгээсэн 10 оюутантай уулзжээ. Тус оюутнууд салбар яамны зардлаар орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс тусгай хэрэгцээт боловсролын нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах юм.
Энэ үеэр Ц.Цогзолмаа сайд “оюутнуудад хичээнгүйлэн суралцаж, сурсан мэдсэнээ тусгай хэрэгцээт сургуулиудын сургалтын чанарыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулах ирээдүйн боловсон хүчин болоорой” гэжээ.
П.УРНАА