Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулах нэмэлтийн талаар хэлэлцэв
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болон “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-д нэмэлт оруулахаар төсөл санаачилсан байна.
Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Тэтгэврийн хэмжээг тогтоохдоо уламжлалт аргачлалаар бус, шууд механик аргаар тооцон тэнцүүлэх нь бодлогын хувьд тэтгэвэр тооцох суурь зарчмыг алдагдуулах сөрөг талтайг анхаарах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн дагуу “Нийгмийн даатгалын сан”-гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цалин хөлсний хэмжээтэй уялдуулж байгаа нь тэтгэврийн зөрүүг арилгаж чадахгүй байгаа. Иймээс тэтгэврийн даатгалын шинэтгэлийн хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоо, ялангуяа өндөр насны суурь тэтгэврийг бий болгох шаардлагатай.
Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох, бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, огт тэтгэвэр авдаггүй иргэдэд тодорхой хэмжээний тэтгэвэр олгохын тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уг хуулийн төслийг нэг мөр авч үзэх нь зүйтэй гэсэн байна. Засгийн газар энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа юм.