Тэтгэврийн ялгаврыг арилгах хуулийн төслийг засгийн газарт хүргүүлжээ
2011.05.11

Тэтгэврийн ялгаврыг арилгах хуулийн төслийг засгийн газарт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. 1995 оноос өмнөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 180 гаруй мянга нь 16 жилийн хугацаанд хорвоог орхиж, 95,4 мянга хүрэхгүй нь үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагч жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт хоёр хүн насан эцэслэж байна гэсэн статистик тоо байгаа юм. Ийм тэтгэвэр авагчид жил ирэх тусам цөөрсөөр 10-20 жилийн хугацаанд нэг ч хүн үлдэхгүй болох аж.


Тэдний тэтгэврийг ялгавартай тогтоосон төр засагтаа насан эцэслэх хүртлээ гомдоллодог учир энэ хөгшчүүдийнхээ магнайг тэнийлгэх үүднээс эрх зүйн орчноо эргэн харж хэлмэгдүүлэлтийн буруу жишгийг арилгах боломж өнөөгийн төр засагт байгаа гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үзсэн байна. Тиймээс С.Эрдэнэ гишүүн хуулийн төсөлдөө "1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойшхи үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийнхтэй тэнцүүлэн тооцож олгоно" гэсэн өөрчлөлт оруулахаар Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.