Байр суурь: Ээлжит бус чуулган зарлаагүй тухай гишүүд юу хэлэв
2018.10.03

Байр суурь: Ээлжит бус чуулган зарлаагүй тухай гишүүд юу хэлэв

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчийн зүгээс хаврын чуулганы завсарлагааны үеэр ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ гаргасан ч хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар намрын чуулган нээлтээ хийж амжив. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулган зарлаагүй нь хууль зөрчсөн гэж зарим гишүүд үзэж байна.

Уг нь бол УИХ-ын гишүүдийн 3-ны хоёр нь ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байсан ч ээлжит бус чуулган хуралдаагүй юм. Ингэснээр УИХ Үндсэн хууль зөрчсөн үү гэх асуулт гарч ирлээ. Гишүүдийн ихэнх нь ээлжит бус чуулганыг хуралдуулж, 60 тэрбумын асуудал хийгээд АТГ-ын даргыг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэхийг шаардсан ч УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах сонирхол байгагүй нь харагдаж байна.

Харин ямар учраас ээлжит бус чуулганыг хуралдуулалгүй намрын чуулганыг нээснээ УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр тайлбарлалаа. Ингээд ээлжит бус чуулганыг хуралдуулаагүй талаарх Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ”

УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан. Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье”

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Ээлжит бус чуулганыг яагаад хуралдуулаагүй талаар Ерөнхийлөгч дүгнэж хэллээ. Ээлжит бус чуулган хуралдуулах хэд хэдэн нөхцөл байдал байсан ч хуралдуулсангүй. Хурал зохион байгуулаагүй шалтгаанаа ч тайлбарлаж байна. Ингэснээр Үндсэн хууль зөрчсөн үү гэсэн асуудал яригдаж байна. Энэ асуудлаар намын бүлгүүд хуралдах ёстой. Манай нам ч мөн адил хуралдаж байр сууриа нэгтгэнэ”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой байсан, байгаагүй гэх маргаан энэ зунжингаа яригдлаа. УИХ дээр ч мөн яригдах байх. Хуралдахгүй байгаа шалтгаан нь Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байгаатай холбоотой гэсэн мэдээлэлтэй л байна. Би Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш учраас асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь хуульд юу гэж заасан байна. Хуулиа л дагах ёстой. УИХ-ын намрын чуулган дөнгөж нээлтээ хийж байна. Хэлэлцэх асуудлынхаа жагсаалт, дарааллыг л ярьж байна”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ээлжит бус чуулган зарлаагүй шалтгаанаа УИХ-ын дарга хэлэхдээ АТГ-ын даргын асуудалтай холбоотой учир хууль зөрчөөгүй гэж хэллээ. Ерөнхийлөгч бол миний өгсөн саналын дагуу ээлжит бус чуулган зарласангүй гэсэн санал өгч байна”

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ээлжит бус чуулган зарлах ёстой байсан. АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигалын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж миний хувьд үзэж байгаа. Нэг жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. Тийм учраас хэрвээ “60” тэрбумтай болон бусад авлигын хэрэгтэй холбоотой хэргүүд ийм байдалтай явах юм бол энэ ажлыг хийх ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэхүү асуудлыг хаалттай биш, нээлттэй чуулганаар ард түмнийхээ өмнө нь тайлбарлах нь зүйтэй юм. УИХ-ын тухай хуулинд нийт гишүүдийн гуравны нэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх зүйн баримт бичиг байдаг” гэлээ. 

Б.Аз