Банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх шаардлагатай гэв
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах асуудлуудыг хийхээр товложээ.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль
- "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
- Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
- Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
- “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
Мөн Банкийг дахин хөрөнгжүүлэх талаар хаалттай хэлэлцүүлж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд ингэж хэлжээ.
М.Билэгт: Өнөөдрийн хэлэлцэх асуудлын хоёрт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирнэ. Асуудлаа эрэмбэлье гэж ярьдаг.
Хамгийн том нь эхлээд суурь хууль буюу Газрын тухай, Бэлчээрийн тухай хуулиуд. Эдгээрийг зохицуулж оруулсныхаа дараа эд хөрөнгийн бүртгэлд олон зуун га-гаар эзэмшсэн байгаа эзэмших ашиглахыг бүртгэдэгээр дагуулж оруулахгүй бол болохгүй.
Өчигдөрхөн УИХ-ын гишүүийн ёс зүйн асуудал алдагдсан гээд хуулиар ёс зүйг нь зохицуулах хэмжээнд очсон. Сүүлийн 20-иод жилд аймаг, сумын засаг дарга нарын сэтгэхүй нь газраа эзэмших, ашиглах шийдвэр гаргаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж мөнгө олохгүй бол "турж үхнэ" гэсэн л сэтгэхүйтэй болсон.
Зах зээлд шилжиж явсаар 2008 оноос хойш энэ эмх замбараагүй байдал бий болсон. Өвөлжөө, хаваржаа мэдээж бэлчээрт орно. Гайгүй газрыг бүгдийг нь эзэмшчихсэн. Түүн дээр жирийн иргэд очиж чадахгүй болсон. Бэлчээр байх газрыг хашсан байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд иргэд яаж ч чадахгүй. Тиймээс газрын тухай хууль, бэлчээрийн тухай хууль зэрэг том асуудлуудаа эхэлж шийдээд эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг оруулахгүй бол болохгүй байна.
Б.Бат-Эрдэнэ: Татварын ерөнхий хууль дээр эргэж анхаарах зүйлс их байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор Рио-Тинтотой холбоотой асуудал байгаа юм биш биз гэсэн эргэлзээ байна. Дагаж орж ирж байгаа ХХОАТ, ААНОАТ-ыг хэлэлцэх явцад гишүүдийн байр суурийг харахад цэвэр Рио-Тинтод үйлчилсэн, Оюутолгойн асуудал явж байна. Ийм хуулийг оруулж ирж, хэлэлцүүлж болохгүй. Эргэж татаж авах хэрэгтэй.
Д.Тэрбишдагваар ахлуулсан Оюутолгойн гэрээг Монголд үр ашигтай эсэх талаар шалгах үүрэг бүхий ажлын хэсэг 6 сарын 23-нд дүнгээ гаргана. Дүгнэлттэй нь уялдуулж байж дүнг гаргахгүй бол ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад татварын реформ нэрийн дор дахиад Оюутолгой руу нэн хөнгөлөлттэй нөхцөл олгосон бодлого орж ирээд байна.
Мөн Арилжааны банкуудын хамсаатнууд энэ дотор сууж байгаа. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг ил тод хэлэлцье.
Л.Болд: Өчигдөр парламентын хувьд хүнд өдөр байсан. Өнөөдөр 75-уулаа болоод анхны өдрийн хуралдаанаараа олон асуудлууд хэлэлцэх гэж байна. 2 жил хамтарж ажиллаад, хамгийн залуу гишүүнээ өчигдөр явуулсан. Нэг талдаа шударга ёс тогтоход ач холбогдолтой. Парламентын гишүүн гэдэг бол тусгай эрх дархтай, хамгаалалттай байж болохгүй. Эр зориг гаргасан Д.Гантулгад амжилт хүсье. Үнэн мөн нь тогтоогдвол улс төрийн өргөн зам байгаа нь ойлгомжтой.
Энэ бол парламентад том сургамж боллоо.
Хэн ч хаана ч Үндсэн хуулийнхаа дор шалгуулж, асуудлаа тодруулах ёстой. Өчигдөр олон залуусын хүсэн хүлээдэг Хөл бөмбөгийн ДАШТ эхэллээ. Энэ үед гэгээлэг сайхан санал гаргамаар байна. Бидэнд хөл бөмбөгийн стадион байхгүй. Ард түмнээрээ хөдөлвөл ямар ч бүтээн байгуулалт хийж чадна. УИХ-ын гишүүд бүгд уриалаад, хүн бүр уриалаад, газраа сонгоод маш сайхан стадионтой болмоор байна.