“Ногоон паспорт” аян Увс аймагт нээлтээ хийлээ
Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжүүлж, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг хамруулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай гэсэн чиглэлээр “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлэгч багийнхан аялж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Ногоон паспорт” аяныг танилцуулжээ.
Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нээлтээ хийсэн “Ногоон паспорт” аяны нээлтэд аяныг санаачлагч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцсон байна. Тэрбээр хүүхдүүдэд байгаль хамгаалах чиглэлээр хийж буй ажил, монголчуудын байгалиа хамгаалах уламжлалыг сануулж, илтгэл тавьжээ. Нээлтэд Улаангом хотын Ерөнхий боловсролын сургуулиудын 400 орчим сурагч оролцож, өсвөрийн байгаль хамгаалагч болж, “Ногоон паспорт” аяныг амжилттай үргэлжлүүлэхээ амлаж, Ногоон паспортаа гардаж авсан аж.