Анхны эко гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт нээгдлээ
2018.09.12

Анхны эко гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт нээгдлээ

Дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын агааржуулалтын систем бүхий өвлийн хүлэмжин дэх анхны эко гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт үүд хаалгаа нээлээ. 

Тус дүүргийн нийт 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Ханын материалын эцэст байрладаг 84 дүгээр цэцэрлэг ийнхүү дэргэдээ эко гэр цэцэрлэгийн бүлэгтэй болж байна. Ингэснээр дахин 25 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх оломж бүрджээ. 

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа энэ үед Улаанбаатар хотын захын хороолол энэхүү эко гэр цэцэрлэгийг СХД-ийн Засаг даргын Тамгын газар, “Ulaanbaatar peace avenue rotary” клуб, “Эко ногоолин” төрийн бус байгууллага хамтран байгуулсан байна. 

Энэхүү цэцэрлэг нь эко гэдгээрээ анхдагч аж. Тухайлбал, эко цэцэрлэг байрлаж буй хүлэмжинд өвөл, зуны аль ч улиралд ногоо тарих боломжтой нь хүүхдүүдэд экологийн боловсролтой болох танин мэдэхүйн ач холбогдолтой. Гэр цэцэрлэг учраас урлаг, спортын  заалгүй ч хүлэмжин доторх талбайг ашиглан биеийн тамирын  дасгал  хөдөлгөөн хийх талбай гаргаж өгчээ. 

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн эко гэр цэцэрлэгийг нээж үг хэлэхдээ “Хэдийгээр нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа ч хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох бүхий л боломжийг ашиглах нь зөв. Энэ бүлгийг байгуулснаар 25 хүүхэд ч болов гэртээ биш, цэцэрлэгт хүмүүжих боломж нээгдэж байна” гэсэн юм. 

Уг цэцэрлэгийг нийт 20 орчим сая төгрөгөөр барьсан бөгөөд дүүргийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлжээ. Санхүүжилтийг “Ulaanbaatar  peace avenue rotary” клуб гаргасан бөгөөд бусад улсын ротари клубийн зүгээс ирсэн хандив дийлэнхийг нь бүрдүүлэн байна.